Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Роберт Мугабэгийн 37 жилийн хаанчлал албан ёсоор өндөрлөлөө

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Мягмар гарагт Зимбабве улсын парламентийн спикер ерөнхийлөгч Роберт Мугабэгийн сайн дураар огцрох хүсэлтийг уншиж танилцуулснаар тус улсын засгийн эрх тайван замаар шилжлээ.

Ингэснээр Мугабэг албан тушаалаас нь огцруулах (impeachment) тухай парламентийн хэлэлцүүлэг, санал хураалт явагдах хэрэггүй болж байна.

Эрх баригч ZANU-PF нам дэд ерөнхийлөгч асан Эммерсон Мнангагваг ерөнхийлөгчийн суудалд сууна гэж зарлажээ. Мнангагваг энэ сарын эхээр албан тушаалаас нь огцруулж, намаас нь хөөж байсан юм.

Уг үйл явдлыг ерөнхийлөгч Мугабэ эхнэр Грэйс Мугабэд өөрийн залгамжлагч болох замыг зассан арга хэмжээ гэж үзэж байв. Гэвч өнгөрсөн долоо хоногт Мнангагваг дэмжигч армийнхан нийслэл Хараред төрийн эргэлт хийж, Мугабэгийн гэр бүлийнхнийг гэрийн хорионд оруулсан юм.

Өчигдрийг хүртэл 93 настай Роберт Мугабэ дэлхийн хамгийн ахмад төрийн тэргүүн байлаа. Тэр яг долоо хоногийн өмнө эрх мэдлийг гартаа авсан цэргийнхэнтэй сүүлийн хэд хоногийн турш хэлэлцээр хийж, ерөнхийлөгчийн суудлаасаа огцрохыг эсэргүүцэж байсан юм.

Зимбабвегийн үндсэн хуулийн дагуу одоо дэд ерөнхийлөгч Фелекезела Мфоко ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэнэ. Түүнийг тэргүүн хатагтай Грэйс Мугабэгийн дэмжигч гэдэг.

Гэвч эрх баригч намын мэдээлснээр ноён Мнангагва 48 цагийн дотор Зимбабве улсын ерөнхийлөгчийн суудалд сууна гэжээ.

Өчигдөр өглөө Мнангагва видео мэдэгдэл хийхдээ өөрийнх нь амь насанд халдах ажиллагаа төлөвлөгдөж байгааг мэдсэний дараа хоёр долоо хоногийн өмнө эх орноосоо явсан гэсэн юм. Тиймээс Мнангагва Зимбабвед удахгүй эргэн ирэх бололтой.

Роберт Мугабэгийн 37 жилийн засаглал албан ёсоор дууссаныг мэдээлсний дараа Зимбабвегийн гудамж талбайд иргэдийн баярын жагсаал, цуглаан өрнөж эхэлжээ.

Роберт Мугабэ нь өнгөрсөн 37 жилийн хугацаанд сонгуульд ялсаар ирсэн хэдий ч сүүлийн 15 жилд илт улс төрийн луйвар хийж, сөрөг хүчний эсрэг хүч хэрэглэж байсан юм. Энэ хугацаанд Зимбабве улсын эдийн засаг жилээс жилд доройтож, 1980 онд Мугабэг төрийн эрхийг авч байсан үеэс хойш иргэдийн амьдрал 15 хувиар ядуурсан гэдэг.

 

Эх сурвалж: BBC