Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Google компани Оросын мэдээнүүдийг илрэхэд хэцүү болгоно гэлээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Google компанийн эцэг компани болох Alphabet-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Эрик Шмидт удахгүй тус компани Оросын суртал нэвтрүүлгийн сувгууд болох Russia Today, Sputnik-ийн мэдээнүүдийг хайж олоход хэцүү болгох тусгай алгоритм нэвтрүүлэх гэж байгаагаа ярьжээ.

Өнгөрсөн Бямба гарагт Канадад болсон Halifax олон улсын аюулгүй байдлын чуулганы асуулт хариултын цагаар тэр энэ тухай ярьсан байна.

Оросын суртал нэвтрүүлгийг Google компани хэрхэн зохицуулах гэж байгааг асуухад Шмидт “Бид ийм төрлийн сайтуудыг олж, илэрцийг нь бууруулах зорилготой ажиллаж байна. Үүнд гол нь Russia Today, Sputnik сувгууд багтаж байгаа” гэжээ.

“Бид Оросын суртал нэвтрүүлгийн талаар сайн мэдэж байгаа. Системдээ нэмэлт өөрчлөлт хийснээр ийм төрлийн контентуудыг олон хүнд хүрэхийг нь болиулах юм. Бид сайтуудыг хаахгүй, ингэх нь бидний арга зам биш” гэж тэр тайлбарласан байна.

Эрик Шмидт нь АНУ-ын гол хоёр намын нэг Ардчилсан Намын дэмжигч ба 2012 онд Барак Обамагийн кампанит ажилд дижитал үйл ажиллагааны зөвлөхөөр ажиллаж байсан. Дараа нь 2015 онд тэр Хиллари Клинтонд мөн ийм дэмжлэг үзүүлж байжээ.

2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Оросын засгийн газрын суртал нэвтрүүлэг сошиал орчинд хүчтэй нөлөөлсөн гэж Вашингтоны албаныхан үзэж байгаа. Тэд энэ асуудлаар Facebook, Twitter, Google компаниудтай хамтран ажиллаж, зарим суртал нэвтрүүлгийн үйл ажиллагаануудыг илрүүлээд байгаа юм.