Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

У.Хүрэлсүх: Энэ түүхт намын дарга болж байгаа надад асар их ачаа ирж байна

Т.Саран, iKon.mn
2017 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МАН-ын XXVIII Их хурлын гишүүдийн дунд нууц санал хураалт явуулж намын даргаа сонгох шийдвэрээ гаргажээ. Энэ талаар тус намаас хэвлэлийн бага хурал хийж байна.

Их хуралд оролцож байгаа 1,229 төлөөлөгчийн дунд нууц санал хураалт явуулахад У.Хүрэлсүх 63.1 хувийн санал авч МАН-ын дарга болсныг тус намаас дөнгөж сая албан ёсоор зарлалаа. 

Тооллогын комиссын дарга “МАН-ын XXVIII Их хурлаас намын даргын сонгуульд 1,229 төлөөлөгчид саналын хуудас олгож, саналыг нууцаар хурааж, автомат төхөөрөмжөөр тооллоо.

Тооллогын дүнг танилцуулбал, Д.Хаянхярваа 454 хүний санал буюу 36.9 хувь, У.Хүрэлсүх 775 хүний санал буюу 63.1 хувийн санал авсан байна. Ингээд түүнийг МАН-ын дарга болсныг мэдэгдэж байна” гэлээ.

У.Хүрэлсүх: УИХ дахь 33, 32 гэсэн бүлгийн яриа энэ цагаас эхлэн эцэс болж байна

МАН-ын дарга У.Хүрэлсүх тамгаа гардаж авсны дараа үг хэллээ.

Тэрбээр “Энэ түүхэн Их хурлаар МАН-ын дарга гэсэн түүхэн хариуцлагатай үүргийг та бүхнээсээ хүлээж авлаа. Эрхэм хүндэт МАН-ын дарга асан М.Энхболд танд хамгийн сайн сайхныг хүсье. МАН бол эцэг нам. Үүгээрээ бид бахархаж явдаг билээ. Сансарт хүртэл хүн нисгэж чадсан нам. Энэ Монгол Улсыг дэлхийн бүрэн эрхт улс болгож чадсан нам бол МАН.

Улс орондоо ардчиллыг бий болгож, төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих түүхэн харилцааг МАН удирдаж, ардчиллыг бий болгосон. Энэ намын үе үеийн эрэлхэг зоригтой аавын хүү, охид тусгаар тогтнолын төлөө тэмцэж ирсэн.

МАН ямар эрх мэдэлтэй, ямар хүч чадалтай нам бэ гэдгийг бид одоо харуулах цаг болсон. 2020 оны сонгуульд МАН амжилттай оролцох ёстой. Би цаашид чөмгөө дундартал ажиллах болно.

Энэ түүхт намын дарга болж байгаа надад асар их ачаа ирж байна. Төлөөлөгчдийнхөө магтаал, зэмлэл бүгдийг сонслоо.

Монголын цаашдын хувь заяа МАН-тай салшгүй холбоотой. МАН-ын эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж ажиллах болно.

 УИХ дахь 33, 32 гэсэн бүлгийн яриа энэ цагаас эхлэн эцэс болж байна” гэв.