Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Урал орчимд цацраг идэвхит бодис алдагдсаныг Оросууд хүлээн зөвшөөрчээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Европын зарим улсын агаар мандалд цацраг идэвхит бодисын агууламж нэмэгдсэнийг Францын цөмийн судлаачид энэ сарын эхээр мэдээлж байсан.

Тэд уг бодисын эх үүсвэрийг Орос, Казахстаны нутгийн Уралын нуруу орчмоос гаралтай гэж таамаглаж байв. Тэгвэл Оросын цаг уурын хүрээлэн өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр изотоп рутениум-106 цацраг идэвхит бодис алдагдсаныг Даваа гарагт хүлээн зөвшөөрчээ. Гэхдээ яг хаанаас ямар шалтгаанаар алдагдсан нь тодорхойгүй хэвээр байна.

Росгидромет байгууллагын мэдэгдэлд “Есдүгээр сарын 25-наас аравдугаар сарын 1-ний хооронд Аргаяш, Новогорний дахь хяналтын станцуудад цацраг идэвхит Ru-106 бодисын өндөр нягтрал бүртгэгджээ” гэсэн байна.

Хамгийн өндөр агууламж бүртгэгдсэн нь Уралын өмнөд хэсгийн Челябинск бүсийн Аргаяш дахь хяналтын цэг гэнэ. Энд цацраг идэвхийн хэмжээ хэвийн хэмжээнээс 986 дахин их байжээ.

Аргаяшийн хяналтын станц нь Маяк цөмийн байгууламжаас 30 км зайтай байдаг гэнэ. Маякт 1957 онд цөмийн осол болж байсан түүхтэй.

Өнөөдөр энд ашигласан цөмийн түлшийг дахин боловсруулах ажиллагаа явагддаг ажээ. Арваннэгдүгээр сарын 9-нд Францын цөмийн хүрээлэн Европын агаар мандалд үл мэдэгдэх эх үүсвэртэй цацраг идэвхит бодис тархсныг тогтоож, эх үүсвэрийг Уралын нуруу орчим гэж тодорхойлж байв. Тэд Орос болон Казахстаны талаас энэ талаар тодруулга хүссэн байна.

Гэхдээ Европт тархсан бодис нь хүний эрүүл мэндэд аюул учруулах хэмжээнд хүрээгүйг тэд мэдэгдэж байлаа.

Рутениум-106 бодис нь байгальд байдаггүй, зөвхөн цөмийн реактор дотор бий болдог элемент юм. Тухайн үед Оросын Росатом корпораци тус улсын нутаг дэвсгэр дэх цөмийн байгууламжуудын орчимд цацраг идэвхийн хэмжээ хэвийн хэмжээнд байгаа гэж мэдээлж байжээ.

 

Эх сурвалж: AFP