Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп Хойд Солонгосыг терроризмийг дэмжигч улсаар зарлалаа

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Даваа гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосыг терроризмийг дэмжигч улсаар зарлалаа.

Ийм ангилалд орсноор Пёньяны эсрэг Вашингтоны хориг, дарамт нэмэгдэх юм.

“Өнөөдөр АНУ Хойд Солонгосыг терроризмийг дэмжигч улсаар зарлаж байна. Олон жилийн өмнө ингэх ёстой байсан юм. Дэлхий ертөнцийг цөмийн зэвсгийн аюулаар сүрдүүлж байгаагаас гадна Хойд Солонгос бусдын газар нутагт аллага зохион байгуулсан нь ингэхэд хүргэж байна” гэж Трамп мэдэгджээ.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны эцэг нэгтэй ах Ким Жон Намын амийг Малайзийн газар нутагт бүрэлгэх ажиллагаа зохион байгуулсныг нь АНУ террорист үйлдэл гэж үзсэн байна.

Трамп “Хойд Солонгосын дэглэм хууль ёсыг дагаж, цөмийн зэвсэг, баллистик пуужин бүтээхээ зогсоож, олон улсын терроризмийг дэмжихээ зогсоох ёстой” хэмээн нэмж хэлжээ.

Трамп бас АНУ-ын иргэн Отто Уормберийн амь насыг хохироосон явдлыг энд дурдсан байна. Уг шийдвэртэй холбогдуулан Вашингтон өнөөдөр буюу Мягмар гарагт Пёньяны эсрэг нэмэлт хоригоо зарлах гэнэ.

Энэ үеэр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсон Хойд Солонгост газрын тос нийлүүлдэг хоолойг хаахыг Хятадын талаас хүссэн тухай мэдээлжээ.

Хойд Солонгосоос гадна Иран, Судан, Сири улсууд Вашингтоны терроризмийг дэмжигч улсуудын хар жагсаалтад багтдаг юм. Хойд Солонгосын хувьд хоёр дахь удаагаа жагсаалтад орсон нь энэ. Анх 1988 онд Өмнөд Солонгосын 115 хүнтэй зорчигч тээврийн онгоцыг Хойд Солонгосын тагнуулынхан сүйрүүлсний дараа энэ жагсаалтад орж байв. Харин 2008 онд Пёньян плутоны үйлдвэрлэлээ зогсоохыг зөвшөөрсний дараа Жорж Буш дээрх жагсаалтаас Хойд Солонгосыг чөлөөлж байжээ.

 

Эх сурвалж: Russia Today