Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хүний толгойг солих дэлхийн анхны мэс засалд Хятад, Италийн эмч нар бэлдэж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Рэн Шяопинь, Сержио Канаверо нар

Хятад болон Италийн эмч нар дэлхийд анх удаа хүний толгой шилжүүлэн суулгах мэс заслыг хийхээр бэлдэж байна.

Мэргэжилт нэгтнүүдийн зүгээс багагүй эсэргүүцэлтэй тулгарч байгаа ч анхны юм болгон ийм замаар эхэлдэг, тухайлбал 60 жилийн өмнө анх бөөр шилжүүлэн суулгахад бас л ингэж эсэргүүцэж байсан гэж уг төсөл дээр ажиллаж байгаа эмч нар ярьж байгаа юм. Хятадын талаас Харбины анагаахын их сургуулийн доктор Рэн Шяопинь, Италийн талаас Сержио Канаверо нар энэхүү хүнд хэцүү ажлын гүйцэтгэх гэж байна.

Өнгөрсөн долоо хоногт тэд нэг цогцосноос нөгөө цогцсонд толгой шилжүүлж, нугасыг холбох, тархины судаснуудыг залгах 18 цаг үргэлжилсэн туршилт хийсэн гэнэ.

Тэд удахгүй тархи нь үхжсэн хүнд нас барсан хүний эрүүл толгойг шилжүүлж суулгахаар бэлдэж эхэлжээ. Энэ ажиллагааны товыг ойрын үед олон нийтэд зарлах гэнэ. Гэвч тэднийг эсэргүүцсэн шүүмжлэгчид олон байна.

Цогцсон дээр туршилт хийсэн нь амжилттай болох баталгаа биш гэж тэд үзэж байгаа юм. Рэн доктор өнгөрсөн долоо хоногийн туршилтын үр дүнг удахгүй шинжлэх ухааны хэвлэлүүдэд нийтлэгдэнэ гэж ярьжээ.

Бямба гарагт Хятадын Үндэсний Радиод ярихдаа тэр “Мэс заслын түүхэнд ийм ажиллагаа гүйцэтгэгдэж байгаагүй. Бид хэрхэн ажиллах дизайнаа гаргаж дууслаа. Удахгүй анагаах ухааны сэтгүүлд нийтлэгдэнэ. Үүний дараа мэргэжилтнүүд бидний үйл ажиллагаа хэр зөв болохыг ойлгох байх” гэж ярьсан юм.

Тэр бас ийм төрлийн ажиллагааг цаашид дэлгэрүүлэхээс өмнө этикийн асуудал, хууль эрх зүйн зохицуулалтыг нарийвчлан боловсруулах шаардлагатайг өгүүлсэн байна.

 

Эх сурвалж: South China Morning Post