Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ангела Меркелийн ирээдүй бүрхэг боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Гурван намын эвслийн засгийн газар байгуулж, дөрөв дэхь удаагаа Германы канцлераар ажиллахыг зорьж байгаа Ангела Меркель хүнд асуудалтай тулгарлаа.

Парламентийн сонгуулиар суудал нь цөөрсөн Меркелийн Христийн Ардчилсан нам өөр хоёр жижиг намтай хамтран засгийн газар байгуулахаас өөр аргагүй болоод байв. Гэвч түүнтэй эвсэхээр хэлэлцэж байсан нэг нам болох Чөлөөт Ардчилсан нам (FDP) өчигдөр яриа хэлэлцээрийг орхиж байгаагаа мэдэгджээ.

Меркельд одоо хоёр сонголт бий. Нэг бол үлдсэн улс төрийн ганц хүчин болох Ногоон намтай хамтарч, цөөнхийн хүч султай засгийн газар байгуулах, үгүй бол Германы ерөнхийлөгчид хандан эвсэл байгуулах боломжгүй болсноо мэдэгдэх юм. Энэ тохиолдолд Германы ерөнхийлөгч дахин сонгууль зарлах ажээ.

Өмнөх засгийн газарт Меркельтэй эвсэж байсан парламентийн хоёр дахь том нам Социал Демократууд энэ удаа засгийн газарт орохгүй байхаар шийдсэн юм. Тиймээс Ангела Меркель эвсэхэд тун түвэгтэй, үзэл бодлын ялгаа ихтэй хоёр жижиг намтай хэлэлцээрийн ширээний ард суусан байна.

Гурван нам цаг уурын өөрчлөлт, цагаачлал, төсвийн зардал зэрэг олон асуудал дээр байр сууриа нэгтгэх гэж сар гаруй хэлэлцсэний эцэст ийнхүү бүтэлгүйтэж байна.

Цаашдаа Германд удаан үргэлжлэх тогтворгүй байдал бий болж болзошгүй боллоо. Хэрвээ дахин сонгууль явуулбал Меркелийн намын санал буурч, өнгөрсөн есдүгээр сарын сонгуульд 13 хувийн санал авсан үндсэрхэг үзэлтэй AfD нам улам хүчирхэг болох магадлалтай байна.

Европын хамгийн том эдийн засагтай оронд тогтворгүй байдал үүсвэл Европын Холбоонд тэр чигтээ нөлөөлж, Орос, Турк зэрэг улсуудад боломж нээгдэх юм.

 

Эх сурвалж: Reuters