Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Майцэцэг: Би МАН-ын дарга болбол намынхаа лидерүүдэд улс төрийн уучлал үзүүлнэ

Г.Отгонжаргал, Үндэсний шуудан
2017 оны 11 сарын 20
Үндэсний шуудан
Зураг зураг

МАН-ын гишүүн, “Exclusive” компанийн захирал Г.Майцэцэгтэй ярилцлаа.

-Танд өдрийн мэнд хүргэе. Таны “МАН-ын даргад өрсөлдөнө” гэдэг шийдвэр олон хүний хувьд гэнэтийн байсан байж магадгүй. Наад зах нь “МАН-ын гишүүн биш” гэсэн тайлбар ч өчигдөр интернетээр явж байгаа харагдсан. Та үүнд хариулт өгөөч?

-Чи миний МАН-ын Бага хурлын мандатыг харах уу. 

-За?

-Хараа, би 2011 оны гуравдугаар сард болсон МАН-ын Бага хурлын гишүүнээр оролцсон байгаа биз. Хүмүүсийн юу гэх нь хамаагүй. Би 2010 онд МАН-д элссэн. Бага хуралдаа итгэж сонгосон, мандат нь энэ байна. Гэнэт өчигдөр МАН-ын намын даргад нэр дэвшихээр шийдээд, өдөртөө гишүүнээр элссэн юм байхгүй.

Нам гэдэг бол аливаа улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлж явдаг төрийн бус байгууллага. Намын дарга гэдэг гүнгарваанд суурилуулсан бурхан биш. Харин ч ард түмэнтэйгээ ойр байх ёстой жирийн нэг ажилтан. Үүнийг бодож би нэр дэвших шийдвэрээ гаргасан. 

-Тухайн үед ямар бодолд хөтлөгдөж, МАН-д элсэж байсан юм бэ?

-Өвөө маань насаараа намын Эвлэлийн дарга хийсэн хөгшин байсан. Би эмээ, өвөө дээрээ өссөн хүүхэд. Тэдний бодол санааны дунд хүн болсон. Энэ удаад МАН бол ардчилалтай нам гэдгийг харуулахыг зорьж нэр дэвших шийдвэрээ гаргасан. 

-МАН-ын 121 дүгээр намын үүрийн дарга “Майцэцэг Баасан гарагт 11 цагийн үед гэнэт утасдаад “Танайх намын хэддүгээр үүр билээ” гэж асуугаад утсаа тавьсан. Би ийм шийдвэр гаргаж байгааг нь мэдээгүй. Манай үүрт бүртгэлгүй, намын гишүүн ч биш” гэсэн тайлбар хийсэн байна лээ?

-Н.Цэрэндэжид эгч үү. 

-Тийм ээ?

-Би байнга уулзалдаж чадахгүй ч тодорхой хэмжээнд холбоотой л байдаг хүн дээ. Анх бүр Баянгол дүүргийн МАН-ын дарга Л.Амгалан, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил хоёр намайг “Үйлдвэрлэл хөгжүүлэхэд зөвлөгөө өгч, дэм тус болоорой” гэж хэлээд элсүүлж байсан. Тэр үед МАН-ын үүрийн дарга нь Моохор гэж ах байсан. Би хэд, хэдэн оёдлын цех байгуулахад нь хүртэл дэм, тус болж л байсан.

Тухайн үед намд элсэхэд хаяг дээрээ байхыг шаарддаггүй байсан. Анх Польшоос ирж 2008 онд үйлдвэрээ байгуулаад, ерөнхийдөө нэг чиг шугаманд нь оруулчхаад МАН-д элссэн. Миний гол зорилго бол үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд МАН-ын бодлогод хөшүүрэг болох, нөлөөлөх байсан. Өөрөөр улс төр хийе, УИХ-д, дүүргийн ИТХ-д, НИТХ-д нэр дэвших гэж элсээгүй. Тэр зарчмаа барьж л өнөөдрийг хүртэл явсан.

Гол нь МАН-ын эрх барих хугацаанд үйлдвэрлэл эрхлэгчид харьцангуй тогтвортой ажиллаж, үйл ажиллагаагаа тэлж чаддаг. Ардчилсан намын үед бол үйлдвэрлэгчид хангалттай зовдог. Би тэдний нэг. Арга ядахдаа хөдөлмөр шингэсэн бүтээгдэхүүнээ үнэгүй тараагаад явж байх вэ дээ. Зовлонг нь үзсэн хүний хувьд хэцүү л байсан. 

-Өнгөрсөн жил гаруйн хугацаанд та тэгвэл МАН УИХ-ын сонгуульд ялснаар тогтвортой ажиллаж чадав уу?

-Мэдээж зөөлөрсөн зүйл бол бий. Гэхдээ бүх асуудал нэг жилийн хугацаанд шийдэгдэхгүй нь ойлгомжтой. 

-Хэрэв “Би МАН-ын дарга болбол” гээд намынхаа гишүүдэд танилцуулах таны мөрийн хөтөлбөр, зорилт юу байх вэ?

-Цүнх барьсан залуусыг бус салбар бүрийн шилдэг, тэргүүний, манлайлагч залуусыг дэмжинэ. Намд элсэх, идэвхтэй ажиллах боломжийг бүрдүүлнэ. Миний хувьд сая МАН-ын 28 дугаар Их хурлын төлөөлөгч болох гэж үзсэн. Харамсалтай нь, чадаагүй.

Намын үүрийнхээ хаягтай нутаг дэвсгэр дээрээ дор хаяж, зургаан сар байсан байх шаардлага тавьсан байсан. Би үйлдвэрлэлээ явуулдаг газраа анхнаасаа хаягтай. Одоо харин цаашид нэгэнт МАН-ын гишүүн гэдгээ ил тод зарласан дээрээ “Гишүүн биш” гэх тусам нь намынхаа үйл хэрэгт идэвхтэй оролцох бодол байна. 

-Их хурлын гишүүн биш хүн тэгвэл МАН-ын даргад нэр дэвшиж болох юм уу?

-Болно гэж найдаж байна. 

-Та 2011 оноос хойш МАН-ын Бага хуралд дахиж оролцсон уу. Ер нь намын ажилд хэр идэвх гаргасан бэ?

-Би улстөрч хүн биш. МАН-ыг харин чин сэтгэлээсээ дэмждэг, дэмжигч гишүүн. Үндсэн ажил маань үйлдвэрлэл. Улс төр судлаач гэдэг мэргэжил байхаас улстөрч гэсэн мэргэжил байдаггүй. 2011 оны Бага хуралд оролцсоноосоо хойш ерөнхийдөө үйлдвэрийнхээ ажилд анхаарсан. Намын гишүүн хүн болгон “Манай нам” гэж чанга хашхирах шаардлагагүй. Сэтгэлээрээ дэмждэг, ажил үйлээрээ манлайлдаг байх хэрэгтэй.

Хүмүүс л намайг улстөржлөө гэж хараад байдаг болохоос бус би чинь өмнөх ажлаа л хийдэг хүн. Мэдээж цаг хугацааны явцад бодит нөхцөл шаардлагаар эсэргүүцэл илэрхийлсэн, жагссан, эсэргүүцсэн зүйл бол байгаа. Гэхдээ Ардчилсан намыг шүү. 

-Таныг уг нь өөр намын гишүүн гэдэг ойлголт хүмүүсийн дунд байдаг?

-Өөр намд элссэн тохиолдол надад байхгүй ээ. Намайг харин Ерөнхийлөгч Х.Баттулгын хүн гэж хараад байдаг. Миний хувьд тэр хүнийг Ерөнхийлөгчийн сонгуулиар дэмжсэн минь үнэн. Одоо ч түүнийгээ хэлнэ. Би намынхаа зарим нөхөд шиг наана аа “Дарга аа, даргаа” гэж гүйчхээд цаагуураа өөр хүнийг дэмжиж гүйгээгүй.

Анхнаасаа л хэлж байгаад дэмжсэн. Яагаад гэхээр төрийн тэнцвэрийг хангах үүднээс Ерөнхийлөгчийг дэмжсэн. Дээр нь, үйлдвэрлэлийн төлөөлөл болж чадахуйц Ерөнхийлөгч байгаасай гэж хүссэн. Ерөнхийлөгч гэдэг бол намын төлөөлөгч биш. Эв нэгдлийг илэрхийлэгч. Энэ утгаар нь ялалт байгуулаасай гэж бодсон. 

-Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх байсан санагдана?

-Орон тооны бус зөвлөх нь байсан минь үнэн. Байсан юм чинь яаж “Үгүй” гэж хэлэх вэ дээ. Ер нь би худлаа ярьдаггүй хүн. Үнэнээ л хэлдэг. Тэр үед Европ буюу Польшийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр ажилласан. Ухаантай хүн чинь аль нам бэ гэдгээс илүүтэй “Энэ хүн улс орны төлөө, эдийн засгийг сайжруулахын төлөө юу хийж чадах вэ” гэдэг талаас нь хардаг юм билээ.

Намайг мөн УИХ-ын гишүүн асан Г.Уянгын байгуулсан Тусгаар тогтнол, эв нэгдэл намын гишүүн гэж яриад байдаг. Тийм юм огтхон ч байхгүй. Харин 2015 оны есдүгээр сард 170 сая төгрөгийн бараагаа үнэгүй тараана гэж зарлаад чадаагүй. Тараах боломж олдоогүй. Дараа нь, УИХ-ын гишүүн асан Г.Уянгатай уулзаж, 19 тойргийнх нь иргэдэд тараасан. Хэлсэн амандаа хүрсэн гэсэн үг. Үүнтэй маань холбож, намд нь элссэн гэж ойлгосон байх. Бараа тарааснаас өөрөөр холбогдсон юм байхгүй. 

-Та гэхдээ УИХ-ын сонгуулиар гэхэд Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг УИХ-д нэр дэвшигчийнх нь хувиар Баянхонгор аймагт нэр дэвшихэд нь дэмжээд явж байсан. МАН-ын Их хурлын гишүүд энэ тухайг тань хүртэл асууна байх. Та ямар хариулт өгөх вэ?

-Энэ талаар хүмүүс бас их буруу ойлголттой байдаг. Би УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын хувь эзэмшдэг компанитай мөнгөний асуудалтай байсан. Түүнийгээ шийдүүлэхээр залгатал хэвлэлийн төлөөлөгч нь “Баянхонгорт ирж учраа ол” гэж хэлсэн. Тэр дагуу нь очсон. Сүүлдээ мөнгөний асуудлаа шийдэх нь бүү хэл шоронд хүртэл хоригдсон. Өөр юм байхгүй. Тэрийг маань “Х.Баттулгыг дэмжсэн” болгож харин ёстой зорилтот хүмүүс нь улс төрдөө ашигласан байх. Тэр үедээ их бухимдсан. Одоо бол нэг намын гишүүн, журмын нөхөд гэдэг утгаараа би Л.Элдэв-Очир гишүүнийг уучилсан яваа. 

-Та “Улстөрчид ашиглуулчихлаа” гэж бодсон хэр нь яагаад Ерөнхийлөгчийн сонгуулиар Х.Баттулгыг дэмжсэн юм бэ?

-Би үйлдвэрлэлийн төлөө бол хэнийг ч дэмжихэд бэлэн. Өмнө нь ямар алдаа гаргасан нь ч хамаагүй. Ерөөсөө л би үйлдвэрлэгч. 

-За санал хураалтын дүн гарч та намын дарга боллоо гэж бодъё. Таны гол зарчим юу байх вэ. Намдаа барих шүү?

-Би МАН-ын үе үеийн дарга нарыг Монголынхоо, намынхаа төлөө ажилласан гэдэгт чин сэтгэлээсээ итгэдэг, хүндэлдэг. Гагцхүү нөхцөл байдал нь тухайн үед ямар байсныг бид мэдэхгүй. Иймд одоо ирж тэдний үйл хэргийг шүүж, алдааг нь яллах хэрэггүй. Хэрэв ёстой би МАН-ын дарга болчих юм бол намынхаа лидерүүдэд улс төрийн уучлал үзүүлж, бүх зүйлийг шинээр эхлүүлэх боломжийг нь олгоно. Бид нар өөр хоорондоо хангалттай өс зангидсан. Одоо өс зангидаад хол явахгүй. Энэ муухай арга барилаа болих хэрэгтэй. 

-Хэлмэгдүүлэлтэд өртсөн хүмүүсийг уучлах тухай асуудал биш болохоор олон нийтэд ч, МАН-ынханд ч сонин санагдаж магадгүй юм. Таны энэ санаа?

-Гол нь өнгөрснийг ухаад л байвал бид хол явахгүй. Муу муухайгаа дарах гээд харин ч илүү их бохир заваан үйлийг хийж мэднэ. Иймд тэр тийм боломж олгохгүйн тулд уучлал үзүүлэх гэж байгаа юм. Тэр дундаа Их хурлаар ялагдлаа шүүхээс илүүтэй, Ерөнхийлөгч Х.Баттулгад яагаад сонгогчдын олонх нь санал өгчхөв гэдгийг ярих ёстой. Тэгж байж МАН алдаагаа засаж чадна.

Өөрөөр бол, манай МАН-ын мөрийн хөтөлбөр үнэхээр төгс төгөлдөр байсан. Хэрэгжих боломж ч өндөр. Дээр нь, би 21 аймагт 100 үйлдвэр гэснийг мянган үйлдвэр болгохын төлөө ажиллана. Эдийн засаг, үйлдвэржилтийн төлөө эрс шинэчлэл хийнэ. Мөн зөвхөн би ч бус олон арван шударга, эрч хүчтэй, үйлдвэрлэгч залуусыг МАН-ын даргад нэр дэвшээсэй гэж уриалмаар байна.

Зураг