Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаярт "Чингис хаан" одонг хүртээлээ

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой, Монгол бахархлын өдөр Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаярт "Чингис хаан" одонг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулж өглөө.

Ерөнхийлөгч Х.Баттулга "Эрдэмтэд, түүхчдийн тогтоосны дагуу Билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгний энэ билэгт сайн өдөр хожмын агуу удирдагч тэнгэрийн бошгийг илтгэн, баруун гартаа шагайн чинээ нөж атган мэндэлсэн.

Ердөө таван жилийн өмнөөс л бүх нийтээрээ энэ баярыг тэмдэглэх болсон. 

Энэ өдөр Монгол Улсын иргэд төдийгүй дэлхий даяар тархан суурьшсан Монгол угсаатнууд бүгд баярлан бахдаж байгаа.

Биднийг Их хааны алдар нэр, суу билэг, алд биеэ бус ахуй Монголоо дээдлэх үзэл нь нэгтгэдэг юм. Монголчууд бид үеийн үед Их хааныхаа сүр сүлд дор Монгол гэх нэрийг өргөж явах болно. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Монгол бахархалын энэ өдөр бид Эзэн Чингисийнхээ зарлигийг сэргээн санаж, үйл хэргийг нь үргэлжлүүлдэг сэдлийг нь олдог байх учиртай ийм өдөр юм.

Энэ өдөр Монгол Улсын олимпийн анхны аварга, хошой медальтан, найдвар алдаж үзээгүй гэж олондоо хүндлэгдсэн Найдангийн Түвшинбаярт Чингис хааны одон гардуулахаар шийдвэрлэлээ. 

Эв эвдэрч, сэтгэл санаа булингартан, түгшшр бухимдал буглан байсан хар өдрүүдийг олимпын анхны аварга төрсөн баярт мэдээ дахин гэрэлтүүлж, эвсэн нэгтгэж байсан баярт өдрийг Монголчууд магтах учиргүй юм. 

Найдангийн Түвшинбаяр нь нийт Монголчуудын эх оронч үзлийг бадрааж үндэстэнээ дээдлэх үзлийг ориглуулан бадраасан ийм эрхэм билээ. Тэрбээр шаргуу хөдөлмөрийн эзэн төдийгүй, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ чанд ухамсарлаж, хариуцсан ажлаа дээд зэргээр гүйцэлдүүлэх жишгийг бодитоор харуулж, амжилтын ориглыг байнга дээшлүүлж байхын үнэ цэнийг харуулсан Монгол сод тамирчин билээ" гэв.

НАЙДАНГИЙН ТҮВШИНБАЯРЫН ТОВЧ НАМТАР

Найдангийн Түвшинбаяр 1984 оны 6 дугаар сарын 1-нд Булган аймгийн Сайхан суманд төрсөн.

  • 1992-2000 онд Булган аймгийн Сайхан сумын 8 жилийн дунд сургууль, 2000-2002 онд Булган аймгийн төвийн 2-р 10 жилийн дунд сургуульд суралцан төгссөн.
  •  2002-2008 онд Аварга биеийн тамирын дээд сургуулийг Багш, дасгалжуулагч мэргэжлээр, 2012-2014 онд Боловсролын их сургуулийг Боловсрол судлаач мэргэжлээр төгссөн.
  • 2006 оноос Монгол Улсын Жудогийн үндэсний шигшээ багийн тамирчнаар ажиллаж байна.

Сонгуульт ажил:

  • 2009-2013 онд Олон улсын жудо бөхийн холбоонд Олон улсын жудо бөхийн тамирчдын зөвлөлийн жинхэнэ гишүүн
  • 2015 онд Гадаад харилцааны яамны урилгаар Монгол Улсын Соёлын элч
  • 2010 оноос одоог хүртэл Хүмүүнлэгийн Түвшин санг үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч

Н.Түвшинбаярын гаргасан амжилтууд:

  • 2006 - Дэлхийн Оюутны аваргын хүрэл
  • 2007 - Парисын дэлхийн цомын хүрэл
  • 2007 - Гамбургийн дэлхийн цомын хүрэл
  • 2007 - Ази тивийн аваргын мөнгө
  • 2007- Чиндаогийн нээлттэй тэмцээний хүрэл
  • 2008 - Парисын дэлхийн цомын мөнгө
  • 2008 - Ази тивийн аваргын хүрэл
  • 2008 - Бээжин-2008 олимпийн алт
  • 2010 - Чингис хаан дэлхийн цомын алт
  • 2011 - Будапештийн дэлхийн цомын алт
  • 2011 - Жежүгийн дэлхийн цомын алт
  • 2011 - Парисын Их дуулгын мөнгө
  • 2011 - Абу Дабигийн гран пригийн хүрэл
  • 2011 - Ази тивийн аваргын хүрэл
  • 2012 - Парисын Их дуулгын алт
  • 2012 - Лондон-2012 олимпийн мөнгө
  • 2013 - Токиогийн Их дуулгын хүрэл
  • 2013 - Жежүгийн Гран пригийн алт
  • 2014 - Дюсселдорфын Гран пригийн хүрэл
  • 2014 - Жежүгийн Гран пригийн мөнгө
  • 2014 - Инчеоны Азийн наадмын алт
  • 2015 - Чиндаогийн Гран пригийн алт
  • 2016 - Ази тивийн аваргын алт
  • 2017 - Дэлхийн аваргын хүрэл хүртэж байв.

 

Шагнал гардуулах ёслол:

MNB телевизийн ШУУД эфирээс хүлээн авч үзнэ үү.

https://www.facebook.com/MNBwebsite/videos/1603916276337540/