Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Тамхины кабинууд ажиллахгүй байгаа гэдэг нь ташаа ойлголт"

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 11 сарын 28
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Тамхины хяналтын тухай хуулийг 2012 онд шинэчлэн найруулсан байдаг.Тухайлбал, хуулийн 3.1.11 дэх заалтад утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэг” гэж утаат тамхи татах зориулалтаар тусгайлан бэлтгэсэн талбай, агааржуулалтын тоног төхөөрөмжөөр тоноглож тусгаарласан тасалгааг"-г хэлнэ гэж заасан.  

Хуулийг 2013 оны гуравдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн билээ. Энэ заалтын дагуу Нийслэлийн хөдөлгөөн ихтэй бүсэд тус бүр нь 16 сая төгрөгийн үнэтэй шилэн хийц бүхий тамхи татах 20 кабиныг байгуулж байжээ.

Тамхины кабины үйл ажиллагааны талаар Хот Тохижилтын Газар ОНӨААТҮГ-ын Тохижилт Үйлчилгээний албаны мэргэжилтэн Б.Мөнхцоожоос тодрууллаа.


- Улаанбаатар хотод нийт 20 тамхины кабин байгуулагдаж, ашиглалтад орсон. Харин одоог хүртэл ихэнх цэгүүдийн хаалга нь түгжээтэй, ажиллахгүй байна. Энэ шалтгаанныг тайлбарлавал?

- Нийслэлийн зургаан дүүрэгт тамхины кабиныг 320 сая төгрөгийн өртөгтэйгөөр оруулж ирсэн. Эхний ээлжид хөдөлгөөн ихтэй гудамж, талбайд тавьсан ч хүмүүс эвдэлж, тоносон тохиолдол олон гарсан. Тиймээс албан ёсны хариуцагч, эзэнтэй болгох хэрэгтэй гэж шийдээд манайд хүлээлгэн өгсөн. 

Манай нэгтгэл хүлээн авснаасаа хойш Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвүүдэд мөн томоохон газруудад хуваан байршуулсан. Хүний хөдөлгөөн ихтэй газруудад байрлуулж, ойр хавийн байгууллагад хариуцуулан өгөөд байна. Хариуцаж авсан тухайн байгууллагууд тамхины кабины цэвэрлэгээг тогтмол хийдэг. Үүнтэй холбогдуулан манай зүгээс гэнэтийн шалгалтыг тогтмол хийж байна.

Харин тамхины кабинууд ажиллахгүй байгаа гэдэг нь ташаа ойлголт. Тамхины кабинуудын хувьд бүгд ажиллаж байгаа.

Тамхины кабины байршлууд

 

- Тамхи татах кабин анх байгуулагдахдаа байгалийн нарны зайн гэрлээс тог аваад ажиллах мэдээллийн самбар буюу дэлгэцтэй гэж байсан. Одоо бүгд ажиллаж байгаа юу?

- Анх тус кабиныг дөрвөн компани хувааж үйлдвэрлэсэн байдаг. Тамхи татах кабинууд нарны гэрлээр ажилладаг жижиг дэлгэцтэй. Тэр дэлгэцээр сурталчилгаа, тамхины эсрэг мэдээлэл, холбогдох байгууллагуудын мэдээлэл зэрэг гардаг. Мөн таазан дээрээ хоёр ширхэг агаар шүүгчтэйгээр байгуулахаар төлөвлөгдсөн.

Манайд хүлээлгэж өгөхөд ихэнх нь мэдээллийн дэлгэцгүй ирсэн. Одоогоор бүх дэлгэц, үүдний урсдаг самбар асуудалгүй ажиллаж байгаа. Харин зарим иргэд маань тамхины кабиныг зөв боловсон хэрэглээгүйн улмаас шилэн хаалгыг нь хагалж, доторх зориулалтын хогийн савыг нь эвдэрсэн тохиолдолд олон гарч байгаа.

Мөн дэлгэц, самбарыг хулгайлж, тоносон тохиолдол гарсны улмаас заримдаа тамхины кабиныг цоожлох, хаадаг үе бий. Энэ жилийн байдлаар бид зургаан удаа засвар хийгээд байна. Гэмтэл гарсан тухай бүрд нь бид засаад, хүлээлгэж өгдөг. Иргэдийн буруу үйлдлээс болж оройн болон зарим цагуудад хааж байгааг огт ажиллахгүй байгаа гэж ойлгоод байна.

 
Гэрэл зургийг mpa.mn

Хуулийн хэрэгжилтэд зориулж барьсан 320 сая төгрөгийн өртөгтэй тамхины кабин бүгд ажиллаж байгаа гэсэн тайлбарыг холбогдох байгууллага өгсөн юм.