Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Амарбаясгалан: МАН-ын Их хуралд 1,309 төлөөлөгч оролцоно

Т.Саран, iKon.mn
2017 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МАН-ын XXVIII Их хурал 11 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд болно. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

 Их хурлаас томоохон өөрчлөлт хүлээж байгаа

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "МАН-ын XXVIII Их хурлын зохион байгуулалт бэлтгэл ажил явагдаж байгаатай холбоотой мэдээлэл хийе.

МАН-ын Их хуралд зориулж намын анхан шатны 1,815 төлөөлөгч сонгогдох үйл ажиллагааг зохион байгуулж ирлээ. Одоогоор 1,309 төлөөлөгч сонгогдсон. Эдгээр төлөөлөгчийн 82 хувь нь намын анхан шатны байгууллагын төлөөлөл сонгогдсон. 1,309 төлөөлөгчийг насны хувьд аваад үзвэл төлөөлөгчдийн 235 нь 18-35 насныхан байна.

Намын Их хурлын төлөөлөгчдийн дундаж нас нь 43 байгаа. Их хурлаар бид намын даргын улс төрийн илтгэл, Ерөнхий нарийн бичгийн даргын дөрвөн жилийн ажлын тайлан, Хяналтын Ерөнхий хорооны тайлан, XXVII Их хурлаас хойш Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал, МАН-ын өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж ирсэн үйл ажиллагааны тайлан, цаашдын чиглэлийн талаарх илтгэлүүдийг хэлэлцэнэ.

Мөн намын дүрмийн өөрчлөлт болон мөрийн хөтөлбөрийн шинэчлэлт орж байгаа. МАН-ын мөрийн хөтөлбөрийн шинэчлэлийг УИХ-ын гишүүн Бямбацогт хариуцаж ажилласан. МАН-ын 210 мянга гаруй гишүүд дэмжигчид Их хурлаас томоохон өөрчлөлт шинэчлэлт гарна гэж хүлээж байгаа" гэлээ. 

МАН Их хурлаараа мөрийн хөтөлбөрөө өөрчилнө

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Улс төрийн намуудыг сүүлийн үед иргэд албан тушаал эрх мэдлийн төлөөх хүмүүсийн бөөгнөрөл гэж хараад байна. Уг нь бол намууд намынхаа дүрэм, мөрийн хөтөлбөрийг Дээд шүүхэд бүртгүүлж үйл ажиллагаагаа эхэлнэ гэж заасан. 

Улс төрийн намууд өөрсдийн мөрийн хөтбөрөө ард түмэнд бүрэн дүүрэн ойлгуулж, чадаагүйгээс болоод буруу ойлголт төрүүлдэг.  Ийм учраас бид намын XXVIII Их хурлаараа мөрийн хөтөлбөрөө өөрчилнө. 

Улс төрийн намууд барууны болон зүүний гэж хэт туйлшрах нь буруу. Намын мөрийн хөтөлбөр нь сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс өөр. МАН нэг нь нийтийн төлөө гэсэн уриатай ажилладаг. МАН-ын анхан болон дунд албан тушаалтны хариуцлагыг илүү нэмэгдүүлэх зохицуулалт хийгдэж байгаа. Дараагийн нэг зүйл бол намын гишүүдийн ёс зүйн асуудал байна. Их хурлаас баталсаны дараа МАН-ын бага хурал, Удирдах зөвлөлийн гишүүдийн тоо тодорхой болно" гэв.