Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Батзандан: Өнөөдрөөс эхлээд намайг Төрийн хамгаалалтад авахаар болсон

Т.Саран, iKon.mn
2017 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Ж.Батзандан цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Хоёр хоногийн өмнө сэтгүүлчид надаас нийтийн сонсгол хийх гэж байгаатай холбоотой таньд ямар нэгэн дарамт ирж байна уу? гэж асууж байсан. Өчигдөр УИХ-ын чуулганаар БНСУ-д Элчин сайдаар томилогдох Б.Хурцын асуудлыг ярьсан. Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Ц.Нямдорж, Лу.Болд гэсэн гишүүдийн санаачлагаар нийтийн сонсгол явуулах нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан байгаа.

Б.Хурц Тагнуулын Ерөнхий Газрын дарга байсан хүн. Ажлаа өгөөд хэдхэн хонож байна. УИХ-ын гишүүд, бизнес эрхлэгчдийн талаар асар их мэдээлэл цуглуулсан хүн. Гэмт хэргийн мэдээллээ Прокурор руу шилжүүлдэггүй зөвхөн өөртөө хадгалдаг. Хувийн архивын мэдээллээрээ хүн айлгадаг ийм л хүн.

Чуулганы дараа миний бие АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын өрөөнд дуудагдаж орсон. Намайг ороход Б.Хурц Д.Эрдэнэбат даргатай уулзаж байсан. Би тэр хүнд нууц материалуудаа гаргахгүй юм уу? тэр материалаа хууль хяналтын байгууллагуудад өг л гэж хэлсэн.

Тагнуулын нэг Генералд УИХ-ын бүх гишүүд нь шантаажлуулчихсан байж болохгүй. Нэг Генералын асуудлыг нийтийн сонсголоор явуулах талаар шаардлага тавихад надад заналхийлэл ирж байна. Иймээс надад заналхийлэл ирсэн учир Төрийн хамгаалалт хүссэн бичгийг УИХ-ын даргад явуулсан.

Өнөөдрөөс эхлээд Төрийн хамгаалалтад нэг хүн тавьж өгье гэсэн байгаа. Би үхэхээс айхгүй. Намайг хамгаалах миний ард түмэн байна. Өдрөөс өдөрт нээлттэй сонсгол хийе гэсэн гишүүдийн тоо их болж байна.

Нийтийн сонсголын тухай хуулийн 4.2-т нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар томилгооны сонсгол хийж болно гэж заасан. Энэ хүн Унгарт Элчин сайдаар ажиллаж байхдаа тамхины наймаанд оролцож байсан байна.Б.Хурцтай холбоотой олон асуудлыг би дэлгэнэ" гэлээ.