Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

АН-ын бүлэг Банкны тухай хуулийг хэлэлцэх асуудлаар тав хоногийн завсарлага авлаа

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын өнөөдрийн чуулганаар Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байна. Энэ үеэр АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат тав хоногийн завсарлага авахаар болсныг мэдэгдлээ.Тэрбээр "Банкны зээлийн хүүд Монголбанк хязгаар тогтоохыг эргэж харах ёстой. Хоёрдугаарт тодорхойгүй зүйл их орж ирсэн байна. Мөн энэ бол шинэчилсэн найруулга, өөрчлөлт биш. Гуравдугаарт ОУВС-гаас арилжааны банкуудад шалгалт оруулсан. Үүний үр дүнг харах ёстой" гэсэн юм. 

Харин гишүүн Ж.Энхбаяр хуулийг хаалттай хэлэлцэх санал гаргасан юм. Тухайлбал тэрбээр "Эдийн засгийн хямралыг даван гарахын тулд Монголбанкны эрх үүргийг эрс нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх, яаралтай арга хэмжээ авч, бүрэн эрхийг нэмэгдүүлэх шаардлага байгаа гэж би үзэж байна.

Тэгэхээр үүнийг улс төржилгүйгээр хаалттай горимд шилжүүлж өгөөч гэж хүсэж байгаа. Яагаад ийм байдалд орсон гэдэгт мэргэжлийн улсуудын үгийг сонсож, нөхцөл байдлаа ярилцаад шийдэх нь зүйтэй" гэв. 

Ийнхүү Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг тав хоногийн завсарлагын дараа ахин хэлэлцэхээр боллоо.