Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрүүл мэндийн байгууллагуудын санхүүгийн тайланд 64.2 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн"

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Үндэсний аудитын газраас Эрүүл мэндийн яамны 2016 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар илэрсэн зөрчил, дутагдал, тэдгээрийг арилгуулахаар өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийн талаар өнөөдөр танилцууллаа. 

Эрүүл мэндийн яамны харъяа 10 байгууллагад хязгаартай санал дүгнэлт өгсөн

Үндэсний Аудитын газрын Санхүүгийн Аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг "Эрүүл мэндийн яамны 2016 оны санхүүгийн тайланд төсвийн Ерөнхийлөн захирагч хязгаартай гэсэн санал дүгнэлт өгсөн. Эрүүл мэндийн яамны харъяа 10 байгууллагад хязгаартай санал дүгнэлт, нэг байгууллагад санал дүгнэлт өгөхөөс татгалзсан байгаа. 

Хязгаартай санал дүгнэлтийг Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар, Архангай, Баянхонгор, Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэг, Говь-Алтай аймгийн Төгрөг, Завхан аймгийн Шилүүстэй, Ховд аймгийн Мөст, Булган зэрэг сум дундын байгууллагад өглөө. 

Баян-Өлгий аймгийн Зооноз-Өвчин судлалын төвд санал дүгнэлт өгөхөөс татгалзсан.

Төсвийн Ерөнхийлөгч захирагч буюу сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд 2016 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангаар 64.2 тэрбум төгрөгийн алдаа зөрчил илэрч, төсвийн тухай хуульд заасан хугацааг зөрчиж тайлангаа ирүүлсэн, алдаа зөрчлөө залруулаагүй зэргийг үндэслэж, санхүүгийн тайланд хязгаартай санал дүгнэлт өгсөн.

Эдгээр зөрчлүүдээс 35.2 тэрбум төгрөгийн алдааг аудитын явцад залруулсан. 2016 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд өгсөн зөвлөмжийг энэ 12 дугаар сараас өмнө биелүүлж, Аудитын Ерөнхий Газар ирүүлэх шаардлагатай" гэв. 

Эмнэлгийн барилгуудын ажил хууль зөрчсөн, он дамжсан, үр өгөөж муутай болсон

 

Монгол Улсын Ерөнхий Аудитор Д.Хүрэлбаатар "Өнгөрсөн дөрөвдүгээр сард Төрийн аудитын байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөн болсон. Уг зөвлөгөөнөөс 2017 оныг сахилга, хариуцлага, төрийн аудитын байгууллагын хууль эрх зүйн шинэчлэлийн жил болгож зарласан.

Үүнтэй холбогдуулан бид 2016 оны улсын хэмжээн дэх санхүүгийн аудитын тайлангаар илэрсэн зөрчил, дутагдал, зөвлөмж, албан шаардлагын биелэлтийг 9 дүгээр сард нэгтгэсэн байгаа. Өнөөдрийн байдлаар ЭМЯ-ны санхүүгийн дүгнэлт урьдчилсан байдлаар гарсан байна.

Улсын хэмжээн дэх 2016 оны төсвийн санхүүгийн тайлан балансаар 31 төсвийн ерөнхийлөн захирагчаас 11 төсвийн ерөнхийлөн захирагч хязгаартай дүгнэлттэй гарсан. Энэ нь өмнөх Засгийн газрын үед гарч байгаагүй тоо баримт. Мөн энэ нь өнгөрсөн хугацаанд гарч байсан санхүү төсөв ямар их зөрчилтэй, сахилга батгүй байсныг харуулж байна.

Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа иргэдийн амь нас, эрүүл мэндэд шууд нөлөөлдөг маш чухал салбар. Энэ салбарт улсаас өгч байгаа төсөв хөрөнгийг үр дүнтэй зарцуулах асуудал чухал.

Төрийн аудитын байгууллага үүнд хяналтаа тавьсаар ирсэн. Өнгөрсөн 2016 онд томоохон зөрчлүүд ЭМЯ-нд гарсан. Төсвийн ерөнхийлөн захирагч нарын харъяанд шууд захирагч нар нь байдаг. Дундаа төвлөрүүлэн захирагч байдаггүй. 

Үүнийгээ сайжруулах зөвлөмж та бүхэнд өгсөн. Суманд байгаа эмнэлгийн нягтлан санхүүгийн тайланг шууд сайдынхаа багцад нэгтгэж байгаа нь эрсдэл дагуулж байна. 

2016 онд ЭМЯ-ны санхүүгийн тайланг нэгтгэх гэсээр байтал аудитын тайлан нэгтгэх хугацаа өнгөрсөн. Түүнчлэн тоо баримтууд нь хоорондоо нийлэхгүй, зөрчилтэй сөрөг дүгнэлт авахаар тайлан байсан.

Эрүүл мэндийн салбарт томоохон хөрөнгө оруулалтууд их хийгддэг. Эмнэлгийн барилга, худалдан авалт ихтэй. Эмнэлгийн барилгуудын ажил хууль зөрчсөн, он дамжсан, үр өгөөж муутай болсон. Энэ асуудлыг энэ жил гаргахгүй байх тал дээр анхаарч ажиллаарай" гэлээ.