Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

Амьдрал оршин байх өндөр магадлалтай шинэ гарагийг нээлээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Эрдэмтэд сансар судлалын хэмжүүрээр манай дэлхийд нэлээд ойрхонд тооцогдох шинэ гараг илрүүлсэн нь амьдрал агуулж байх өндөр магадлалтай байна.

Шинэ гарагийг Ross 128b гэж нэрлэж байгаа бөгөөд манай дэлхийтэй ойролцоо хэмжээтэй, хадархаг гадаргатай, од хүртлэх зай нь амьдрал үүсэх, оршиход тохиромжтой хэмжээнд байгаа нь сонирхол татаж байгаа юм.

Өөрөөр хэлбэл одноос нь ирэх энерги уг гараг дээр шингэн төлөвтэй ус байх нөхцлийг бүрдүүлж байна.

Ross 128b нь манай дэлхийгээс 11 гэрлийн жилийн зайд оршдог, дэлхийд ойрхон хоёр дахь харь гараг (нарны системээс гадна) юм.

Шинэ гарагийг Чилид байдаг La Silla ажиглах төвийн ESO 3.8m телескопод суурилуулсан HARPS (High Accuracy Radial velocity Planet Searcher) төхөөрөмжийн тусламжтай 10 жил орчим эрж хайсны эцэст олжээ.

Судалгааг гүйцэтгэсэн баг үр дүнгээ Astronomy & Physics сэтгүүлд нийтлүүлсэн байна.

Манай дэлхийд хамгийн ойр оршдог харь гараг нь Proxima Centauri одыг тойрон эргэж байдаг Proxima b гараг. Уг од нь манай нарнаас 30 дахин их хэт ягаан туяа цацаргаж байдаг нь амьдрал оршиход сөрөг нөлөөтэй юм.

Харин Ross 128b гарагийн од нь бага эрчимтэй тул тус гарагт таатай нөхцөл бүрдүүлдэг байх өндөр магадлалтай байна.

Ross 128b гарагийнх шиг улаан, одой од нь сансар огторгуйд түгээмэл байдаг. Гэхдээ тэдний ихэнх нь хүчтэй цацраг туяа үүсгэж байдаг тул өөрийн гарагууд дээр амьдрал орших нөхцлийг үгүй болгодог юм.

Ross 128b нь манай дэлхийн нар хүртлэх зайнаас 20 дахин богино зайд одоо тойрон эргэдэг. Гэвч од нь нарнаас эрчим багатай тул дэлхийн хүлээж авдагтай ижил хэмжээний энерги одноосоо хүлээж авдаг байна.

Харин шинэ гарагийн гадаргын температур хэд болохыг мэдэх шаардлагатай байгаа. Цельсийн -60-аас +20 орчим хэмтэй бол амьдрал оршиход тохиромжтойд тооцогдоно.

Дараагийн шатанд Ross 128b гарагийн гадаргын нөхцөл байдлыг судлах хэрэгтэй байгаа. Үүний тулд ойрын жилүүдэд ашиглалтад орох ELT (Extremely Large Telescope), NASA-гийн James Webb Space Telescope зэрэг хүчирхэг дурангууд хэрэг болох юм.

Үүний дараа Ross 128b гарагийн агаар мандалд хүчилтөрөгч байгаа эсэх, гадарга дээр нь биологийн үйл явц бий эсэхийг олж тогтоох ажээ.

 

Эх сурвалж: Quartz