Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Сэлэм эргүүлэгч"-ийг хар тамхины хэргээр саатуулжээ

Б.Төгөлдөр
2017 оны 11 сарын 16
MorninigNews.mn
Зураг зураг

Хуулийнхан энэ оны эхний 11 сарын байдлаар хар тамхины хэрэгт 489 хүнд холбогдож, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. Үүнээс 311 үйлдэлд 270 хүнд холбогдох 112 хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр эцэслэн шийдүүлжээ. Энэ талаарх мэдээллийг өчигдөр Цагдаагийн ерөнхий газраас өглөө.

Тэгвэл энэ сарын 14-нд иргэдээс Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт нэгэн иргэний гэрт хар, тамхи мансууруулах бодис хэрэглэж байж болзошгүй гэх мэдээлэл ирсэн байна.

Үүний дагуу ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх газраас шалгалтын ажиллагаа явуулахад 25-35 насны гурван эрэгтэй, хоёр эмэгтэй хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогджээ. Хэргийн газраас хар тамхины төрлийн бодис хураан авч, тухайн этгээдүүдийг баривчилж, мөрдөн байцаах ажиллагаа явуулж байгаа аж.

Дээр дурдагдсан хар тамхины хэргээр саатуулагдсан иргэдийн дунд энэ сарын 11-12-нд шилжих шөнө 01:00 цагийн үед Баянгол дүүрэгт байрлах “Castle” баарны гадаа сэлэм барьж зодолдсон С.Бямбацогт байсан талаар эх сурвалж өгүүллээ. Түүний хувьд “Castle” баарны гадаа зодоон хийгээд, “Ревир бич” төвд дахин зодооны хэрэгт холбогдож, Баянзүрх, Баянгол дүүргүүдийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа юм.

Түүний ах НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун энэ талаар мэдээлэл өгөхдөө “тоглоомон" сэлэм байсан тухай ярьсан нь олон нийтийн хардлагыг төрүүлээд байгаа юм. Учир нь, албан тушаалтны дүү байлаа гээд тухайн сэлмийг “тоглоом” байсан хэмээн хаацайлах магадлалтай аж.

Түүнчлэн цахим ертөнцөд С.Бямбацогтын зодооноос үүдэлтэйгээр “сэлэм”-ний талаарх шуугиан намжаагүй байхад мань хүн хар тамхины хэрэгт хутгалдсан нь өдгөө “Тоглоомон сэлмэний эзэн, гурилаар тоглож байхад нь цагдаагийнхан баривчилжээ” хэмээн хошигноход хүргэсэн. Хэдий хошигнол боловч хөрөнгө, мөнгө, албан тушаалтнуудын хувьд гэмт хэргийг нөхцөлийг яаж ч өөрчилж мэднэ гэдгийг сануулж буй хэрэг.

Юутай ч Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд энэ мэт албан тушаалтнуудын аливаа асуудалтай хатуу тэмцэхээ мэдэгдээд байгаа. Тиймээс дээрх хошигнол шиг нэг хүний үйлдсэн олон гэмт хэрэг "хэрэгсэхгүй” гэх тодотголоор дарагдахгүй байх гэж найдварыг ч бас төрүүлээд байгаа юм.

Зураг