Сонгино-Хайрхан дүүргийн 117 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдэд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр амны хаалт өглөө. Тус цэцэрлэг нь утааны голомтод буюу Баянхошууны хуучин эцэст гэр хороолол дунд байрладаг бөгөөд нийт 800 гаруй хүүхэд хүмүүждэг юм.
Энэ үер сайд хэлэхдээ бидний ирээдүй болсон хүүхдүүд агаарын бохирдлоос хамгаалагдах ёстой. Өглөө, оройдоо амны хаалт заавал зүүж, бохирдлоос биеэ хамгаалуулах эрхтэй гэдгийг хэлсэн юм.
Улаанбаатар хотод агаарын түгээмэл бохирдуулагчид (PM10, PM2.5, NO2, SO2, O3) нь сэрүүний улиралд агаарын чанарын стандартад заасан зөвлөмж хэмжээнээс 2-10 дахин нэмэгдэж, хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлж байна.
Манай орны хувьд хүн амын амьсгалын замын өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд амьсгалын замын цочмог халдвар, амьсгалын замын архаг өвчлөл гуурсан хоолойн үрэвсэл, уушгины үрэвсэл багтраа өвчлөл давамгайлж, өндөр настан, бага насны хүүхдүүдэд зонхилон бүртгэгдэж байна.
Иймээс Улаанбаатар хотын агаарын бохирдол ихсэх үед бага насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настан, архаг хууч өвчтэй иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах нь чухал байгааг тэрбээр онцлов.
Эх сурвалж: ЭМЯ