Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгосын цэрэг дүрвэж ирсэн өдөр Америкийн иргэн хил давахыг завджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Хоёр Солонгосыг тусгаарлаж байдаг Зэвсэггүй бүс буюу DMZ өчигдөр үйл явдлаар дүүрэн байжээ.

Хойд Солонгосын талаас нэгэн цэрэг Өмнөдөд зугтаж ирсэн бол энэ өдөр Америкийн нэг иргэн Хойд Солонгос руу хил давах гэж байгаад Өмнөдийнхөнд баригдсан байна.

58 настай, Америкийн Луйзиана мужаас ирсэн иргэн өчигдөр Хойд Солонгосын хилийг давах гэж байгаад хилийн цэргүүдэд саатуулагджээ. Түүнийг улс төрийн зорилгоор хил давах гэж оролдсон гэж эрх баригчид мэдээлсэн байна. Сөүлээс хойш 65 км зайтай оршдог Ёнчён дүүргийн иргэн түүнийг хил орчмоор явж байхыг хараад цагдаад мэдээлснээр баривчилжээ. Баривчлагдсан иргэн нь АНУ-аас гурав хоногийн өмнө ирсэн байжээ. Одоогоор түүнийг байцааж байгаа бөгөөд Сөүл дэхь АНУ-ын консул иргэндээ санаа тавьж байгаа гэнэ.

Харин Хойд Солонгосоос хил даван зугтаж ирсэн цэрэг нь машинаар хил рүү тулж ирсэн болохыг Өмнөдийн армийнхан мэдээлсэн байна. Тиймээс тэр DMZ бүсийн харуулд ажилладаг элит цэргийн албан хаагч биш болох нь тодорхой болжээ. Энэ хэсгийн харуулд ажиллах цэргийг тусгай шалгуураар сонгодог гэдэг.

Машин хил рүү ойртож ирэх үед Хойд Солонгосын харуулууд дугуйг нь буудаж хагалсан тул бууж гүйсэн гэнэ. Дүрвэж явсан цэрэг рүү нийт 40 ээлжийн гал нээсэн байна. Өнөөдөр өглөөг хүртэл ухаангүй, өөрөө амьсгалж чадахгүй байсан цэрэг одоо аврагдах боломжтой болсон талаар Өмнөдийн армийнхан мэдээлжээ.

Сүүлийн байдлаар түүний биенээс 5 сум гаргаад байгаа ба дахин 2 сум үлдсэн гэж үзэж байгаа гэнэ. Сум цэргийн дотор эрхтнийг гэмтээсэн тул амь насанд нь аюул ойрхон байжээ.

 

Эх сурвалж: AFP