Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

А.Санжмятав: 2018 онд багшийн цалинг 50 хувиар нэмэх байр сууринд нэгдлээ

А.Намуун, iKon.mn
2017 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Багшийн цалинг нэмүүлэх түр хорооноос өнөөдөр Монгол Улсын Засгийн газар болон Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлд онц шаардлага хүргүүлж байгаа талаар өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.

Багшийн цалин нэмүүлэх түр хорооны удирдах зөвлөлийн гишүүн А.Санжмятав "Өчигдөр цэцэрлэг, сургуулийн багш нар хугацаагүй ажил хаялт зарласан.

Харин орой нь Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өчигдөр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Ж.Батзориг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, зөвшилцөлд хүрсэнээр ажил хаялтаа зогсоохоор болсон юм.

Тиймээс 2018 онд багшийн цалинг хоёр тал 50 хувиар нэмэгдүүлэх байр сууринд нэгдлээ гэж Багшийн цалинг нэмэгдүүлэх түр хороо үзэж байна.

Зөвшилцөл, хэлэлцээрийн шийдвэрийг, цөөн хэдэн дарга, ажлын хэсгийн гишүүдийн хүрээнд гарын үсэг зураад шийдэх биш, нийт Монголын багш нараар шүүн хэлэлцүүлж, хүлээн зөвшөөрсөн тохиолдод энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзнэ.

Хэрэв Монголын багш нар хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд Багшийн цалинг нэмүүлэх түр хороо Монголын багш нарын онц их хурлын шийдвэрийг онц ноцтой зөрчсөнд тооцож, тэмцлийн хурц хэлбэрийг сонгож ажиллахаа хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Өнөөдөр Монголын ирээдүйг авч явах багш нар Засгийн газар, Үйлдвэрчний эвлэлийн тоглоом биш. Бид цалинг 1 сая 600 мянга хүргэхийг шаардаж байсан. Гэхдээ бид Монгол Улсынхаа эдийн засгийн төсөв, хямралыг харсны үндсэн дээр 50 хувь дээр тогтож буулт хийсэн. Энэ байр суурин дээрээ бид хатуу байгаа. Дахин асуудал гарч, зөвшилцөх санал өөрөөр шийдэгдвэл бид ҮЭ-ийг Монголын багш нараасаа урвасанд тооцно" гэлээ.

Мөн энэ үеэр 2017 онд багш нарт олгох гэж буй 516 мянган төгрөгийн урамшууллын тухайд ямар байр суурьтай байгааг тодрууллаа.

300 мянган төгрөгийг бэлнээр олгосноор үнийн хөөрөгдөл болно. Багш нар ирээдүйгээ төлөвлөж чадахгүй. Ганцхан удаа аваад дуусах мөнгө амьдралд бодит орлого болохгүй. Тиймээс 2017 онд журамласан энэ журам 2018 онд хэрэгжээд яваасай. 

Өнөөдөр багш нарын авдаг мөнгө 500 мянга. 300 мянга нь банкны лизингд явж байна. 150 мянгыг нь хоол, унаандаа зориулж байна. Монголын багш нарын 90 хувь нь зээлтэй. Үлдсэн арван хувь нь зээл авах нөхцөл бүрдээгүй учраас аваагүй юм. Түүнээс зээл хэрэггүйдээ биш. Монголын багш нарын бодит орлого нь тавин хувиар нэмэгдсэн тохиолдолд энэ тэмцлийг зогсооно” хэмээн онцоллоо.