Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

Зимбабвегийн армийн командлагч цэргийн эргэлт хийхэд бэлэн байгаагаа Мугабэд анхаарууллаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Даваа гарагт Зимбабвегийн армийн командлагч тус улсын ерөнхийлөгч Мугабэд хэрвээ эрх баригч нам дотрох цэвэрлэгээгээ зогсоохгүй бол цэргийнхэн асуудлыг зохицуулахад бэлэн гэж анхааруулжээ.

Армийн төв байранд цэргийн дээд тушаалын 90 офицер оролцсон хэвлэлийн хурал дээр генерал Константино Чивенга “Одоо өрнөж байгаа нам дотрох цэвэрлэгээ чөлөөлөлтөнд оролцож явсан хүмүүсийг чиглэж байгаа нь илт мэдэгдэж байна. Уг ажиллагааны цаана байгаа урвагч этгээдүүдэд хэлэхэд хэрвээ манай хувьсгалыг хамгаалах хэрэг гарвал арми оролцоход бэлэн гэдгийг хэлмээр байна” гэжээ.

Өнгөрсөн долоо хоногт ерөнхийлөгч Роберт Мугабэ эхнэртэй нь тэрсэлдэж байсан дэд ерөнхийлөгч Эммерсон Мнангагваг албан тушаалаас нь зайлуулж, оронд нь эхнэр Грэйс Мугабэг томилсон юм.

52 настай тэргүүн хатагтай Грэйсийг 93 настай нөхрөө залгамжлахаар бэлдэж байгаа гэж үздэг. Албан тушаалаасаа зайлуулагдсан 75 настай Мнангагва өмнө нь батлан хамгаалах болон дотоодыг хамгаалах яамны сайдын албыг хашиж байсан, цэргийнхэнд нөлөөтэй хүн гэгддэг.

Тэр бас намаасаа давхар хөөгдсөн бөгөөд энэ үеэр Мугабэд хандан эрх баригч нам бол “Мугабэгийн болон түүний эхнэрийн хувийн өмч биш” гэж анхааруулаад улс төрд эргэн ирэхээ мэдэгдсэн юм.

Мугабэ нь дэлхийн хамгийн ахмад ерөнхийлөгч болоод байгаа ба эрүүл мэнд нь өдрөөс өдөрт доройтож байгаа ч залгамжлагчаа зарлахаас зайлсхийсээр байна. Ирэх онд Зимбабве улсын ерөнхийлөгчийн сонгууль болох юм.

Африкийн өмнөд хэсэгт орших тус улс нь эдийн засгийн гүн хямралд орж, хэт инфляцид баригдсан тул 2009 оноос өөрийн мөнгөн тэмдэгтийг хаяж, Америк доллар хэрэглэх болжээ. Гэвч өнгөрсөн онд ам.долларын нөөц нь дууссан тул “бондын дэвсгэрт” хэмээх төлбөр тооцоонд хэрэглэгдэх цаас тараах болсон юм.

 

Эх сурвалж: AFP