Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрүүл мэндийн даатгалын санг ЭМЯ-ны мэдэлд шилжүүлэхийг эсэргүүцэж байна"

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МҮЭХ-ноос XXII Их хурлын талаар болон Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны бие даасан байдлыг хангах талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "11 дүгээр сарын 8, 9-нд МҮЭХ-ны XXII Их хурлыг зохион байгууллаа. МҮЭХ-ны өнгөрсөн дөрвөн жилийн үйл ажиллагааг дүгнэж, ирэх дөрвөн жилийн хөгжлийн бодлого зорилтоо тодорхойллоо.

Мөн МҮЭХ-ны дүрэмд тодорхой өөрчлөлтүүдийг оруулж, зохион байгуулалтын асуудлаа дүрмийн хүрээнд шийдсэн. Үйлдвэрчний эвлэлийн байгууллага үзэл бодлын бус эрх ашгийн нэгдэл гэдгээ тодотгож, дүрэмдээ тусгалаа.

Үүнээс гадна их хурлаас их хурлын МҮЭХ-ны дүрэмд өөрчлөлт оруулж болдоггүй байсныг, Ерөнхий зөвлөлийн гишүүдийн 4/3 нь зөвшөөрсөн тохиолдолд дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах бололцоог бий болголоо. Өөрөөр хэлбэл Үйлдвэрчний эвлэлийн байгууллага Их хурлаас баталсан дүрмийн хүрээнд дөрвөн жилээр үйл ажиллагаа явуулж байсныг өөрчилсөн. 11 дүгээр сарын 10-нд МҮЭХ-ны ерөнхий зөвлөлийн анхдугаар хурлыг зохион байгуулж, цаг үеийн тулгамдсан асуудлаар тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. 

МҮЭХ-ны бүх шатны удирдлага буюу сонгуульт ажилтнууд аливаа улс төрийн намын гишүүнчлэлтэй бол удирдах ажил эрхлэхээсээ түдгэлзэх заалтыг дүрэмдээ оруулсан. Сонгуульт ажлаа хийхээ больсон үедээ улс төрийн намын гишүүн байж Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэх бололцоотой. 

Мөн өнөөдөр ярих нэг асуудал бол Эрүүл мэндийн даатгалын санг Эрүүл Мэндийн Яамны мэдэлд  шилжүүлэх асуудлыг бид эсэргүүцэж байна. Энэ нь Эрүүл мэндийн даатгалын холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байна.

Эцсийн байдлаар энэ асуудал шийдэгдээгүй байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн удирдах дээд байгууллага нь Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл гэж байгууллага бий. Өнөөдрийн байдлаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл нь нэг ч удаа хуралдаагүй.

Ийм байхад Эрүүл мэндийн даатгалын санг ЭМЯ-д шилжүүлэх асуудлыг Засгийн газар, УИХ-аар ярьж байгаа нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байгааг бид эсэргүүцнэ. Нэгдүгээрт Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөө хуралдуулж энэ асуудлыг ярих ёстой.

Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө бол Засгийн газрын хөрөнгө биш. Эрүүл мэндийн даатгалын санд өөрийнхөө цалин орлогоос шимтгэл өгсөн даатгуулагчдын хөрөнгө. Ийм учраас хөрөнгөө даатгуулагчид мэдэх ёстой. Даатгуулагчдын төлөөлөл Эрүүл мэндийн даатгалын сангийн Үндэсний зөвлөлд орж шийдвэр гаргах явцад нь оролцох ёстой" гэлээ.