Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп, Путин хоёр Сирид хүч хэрэглэхгүй байхаар тохиролцжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Вьетнамын Дананг хотод болж байгаа APEC-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ, АНУ-ын ерөнхийлөгч нарын уулзалтыг зохион байгуулж чадахгүйд хүрснээ талууд мэдээлж байсан.

Харин Бямба гарагт Дональд Трамп, Владимир Путин нар богино хугацаанд ярилцаж, зарим чухал асуудлаар байр сууриа нэгтгэж чаджээ.

Тухайлбал Сирийн хямралыг шийдэхийн тулд цаашид талууд цэрэг, зэвсгийн хүч хэрэглэхгүй байхаар тохиролцсон байна.

Хамтарсан мэдэгдэлд бас Исламын улс бүлэглэлтэй хийх тэмцлээ талууд үргэлжлүүлэхээр болсныг дурджээ. Трамп дараа нь хэвлэл мэдээллийнхэнтэй уулзахдаа “Бид маш богино хугацаанд ярилцлаа. Хэдийгээр бид бие биенээ сайн мэдэхгүй ч яриа тун нөхөрсөг уур амьсгалтай болж өнгөрлөө” гэсэн юм.

Уулзалтын дараа Путин Трампыг “ойлголцоход амар, сайхан ааш зантай хүн” гээд “АНУ-ын ерөнхийлөгчийг би сайн мэдэхгүй ч тэр их нөхөрсөг, энгийн хүн юм. Цаг бага байсан ч бид сайхан ярилцлаа” гэжээ.

APEC-ийн уулзалтын үеэр удирдагчид гэрэл зургаа авхуулахад тэд гар барилцан, мэндлээд өнгөрсөн юм. Харин дараа нь хурлын ширээний ард Путиныг сууж байхад Трамп түүн рүү алхаж очоод мөрийг нь алгадан ярилцаж байгаа нь харагдаж байв.

Мөн Баасан гарагийн оройн зоогийн үеэр тэд бас хэсэгхэн хугацаанд уулзаж ярилцжээ.

Уг нь APEC-ийн уулзалтаас өмнө Кремль АНУ-ОХУ-ын төрийн тэргүүнүүдийн уулзалтыг зохион байгуулахаар бэлдэж байгаагаа мэдээлж байсан юм. Гэвч уулзалтын урд өдөр Цагаан ордноос цагийн хуваарийн давхцлаас болоод тэдний уулзалтыг зохион байгуулах боломжгүй болсноо мэдэгдэж байв.

Харин Трамп, Путин нар хурлын зай завсраар ийнхүү ярилцаж чадсан байна.

Сирийн асуудлаар гаргасан хамтарсан мэдэгдлийг нь АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсон, ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров нар урьдчилан тохиролцсон байсан гэнэ.

 

Эх сурвалж: Reuters