Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улс санхүүгийн зах зээлдээ гадаадын эзэмшлийг бүрэн зөвшөөрөхөө зарлалаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Хятадын засгийн газар санхүүгийн зах зээлдээ гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих төлөвлөгөөг танилцууллаа.

Шинэ төлөвлөгөөний дагуу 2020 оноос Хятадад гадаадын 100 хувийн эзэмшилтэй үнэт цаасны компаниудыг зөвшөөрөх бол 2022 оноос даатгалын компаниудыг зөвшөөрөх гэнэ.

Мөн гадаадын банкнууд Хятадын дотоодын банкнуудыг худалдаж авч болно. Одоогийн байдлаар санхүүгийн салбарт гадаадын компаниудын дийлэнх эзэмшлийг Хятадад зөвшөөрдөггүй юм.

Уг шийдвэр нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын айлчлалтай давхцан гарч байна. Трамп Америк компаниудад зах зээлээ нээж өгөхийг Хятадад үргэлж уриалдаг байсан юм.

Хятадын дарга Ши Жиньпин өчигдөр Дональд Трамптай Бээжинд уулзахдаа дээрх шийдвэрээ тайлбарласан байна. Хятадын шийдвэр зөвхөн АНУ-д биш, мөн Европ, Япон гээд бүх гадаадын санхүүгийн компаниудад хамаатай ажээ.

Одоогийн зохицуулалтаар үнэт цаас, даатгалын бизнесийг Хятадад явуулахын тулд заавал Хятадын компанитай хамтарсан компани байгуулж, үнэт цаасны компанийн гадаад эзэмшлийг 49 хувь, даатгалынхыг 50 хувиар хязгаарладаг юм.

Энэ онд багтаж үнэт цаасны компанийн гадаад эзэмшлийн хувийг 51 хувь болгох ба 2020 онд 100 хувь болгоно. Даатгалын компаниудын хувьд 2020 онд 51 хувьд хүргээд 2022 онд 100 хувь болгож чөлөөлөх гэнэ.

Банкнуудын хувьд одоогоор өөрийн 100 хувийн эзэмшлийн охин компанийг Хятадад ажиллуулах боломжтой байдаг. Харин дотоодын банкнууд дахь гадаад эзэмшлийг 25 хувиар хязгаарладаг юм.

Энэ хувь хэмжээ удахгүй 100 хувь байх боломжтой болох ажээ.

 

Эх сурвалж: Nikkei