Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын компани нэг удаа мөнгө төлөөд насан туршдаа архиар хангагдах боломжийг амлажээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Маргааш буюу арваннэгдүгээр сарын 11-нийг Хятадад “Ганц биечүүдийн өдөр” гэдэг ба энэ өдөр Алибаба компанийн онлайн дэлгүүрүүд томоохон хямдралт худалдаа явуулдаг. Америкийн Хар Баасан гарагтай ижил төстэй энэ арга хэмжээний үеэр компаниуд үлэмж хэмжээний бүтээгдэхүүн борлуулдаг уламжлалтай.

Тэгвэл Хятадын нэгэн компани энэ өдөр нэг удаа төлөөд насан туршдаа байжю хэмээх цагаан будааны архиар хангагдах боломжийг амлажээ.

11 дүгээр сарын 11-нийг бэлгэдэж 11,111 юаниар ($1670) энэ боломжийг хамгийн эхний 33 ганц бие хүн эдлэх гэнэ.

Эрхийг авсан худалдан авагч насан эцэслэх хүртлээ сар бүр 12 лонх байжю хүлээж авна. Хэрвээ худалдаж авснаасаа хойш 5 жилийн дотор нас барвал гэр бүлийнх нь хэн нэг бас насан туршдаа үргэлжлүүлж болох гэнэ.

Цагаан будаанаас гаргаж авдаг уг архи нь Хятадын найр наадмуудад өргөн хэрэглэгддэг, стандарт 40 хувийн хатуулгаас дээш гардаг ундаа юм байна.

Хятаддаа өргөн хэрэглэгддэг ундаа боловч гадаад зах зээлд гарах гэсэн оролдлого нь амжилт олж байгаагүй юм.

Нэг лонх байжю архи 196 юаний ($30) үнэтэй байдаг тул маш ашигтай наймаа болох гэнэ. Гэхдээ компани нь дампуурвал энэ гэрээ хүчингүй болохыг хуульчид анхааруулсан байна.

Алибаба ганц биечүүдийн өдрийн худалдааны наадмаа дэлхийн хэмжээний арга хэмжээ болгохыг зорьж байгаа. Өнгөрсөн жилийн наадам дээр нь Британий од гэр бүл Дэвид болон Викториа Бэкхэм нар, нэрт сагсан бөмбөгчин Кобе Брайнт уригдан зочилж байсан юм.

2016 оны худалдааны борлуулалт нь $17 тэрбум хүрч, АНУ-ын Хар Баасан гарагийг ардаа орхисон байна. Анх 1990-ээд оны үед ганц бие оюутнууд энэ өдрийг бий болгож, өөрөө өөртөө бэлэг авч өгдөг байснаас үүдэлтэй баяр гэнэ.

 

Эх сурвалж: The Guardian