Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

Мэргэшсэн жолоочийн үнэмлэхийг Хятадын талаас хуурамчаар хэвлэсэн зөрчил илэрчээ

С.Бадрал, iKon.mn
2017 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг

“Мэргэшсэн жолооч”-ийн үнэмлэхийг Өмнөговь аймгийн Гашуунсухайт болон бусад боомтуудад хуурамчаар хэвлэгдсэн зөрчил илэрсэн гэх мэдээлэл гарсантай холбогдуулан Автотээврийн үндэсний төвийн Захирлын зөвлөл хуралдлаа.

Өнгөрсөн зургаадугаар сард хилийн Автотээврийн хяналтын улсын байцаагч нар Гашуунсухайт-Ганцмодны боомтын чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэж буй үйл ажиллагаанд Замын цагдаагийн албатай хамтран хяналт тавьж, хуурамч гэх үнэмлэхийг илрүүлэн, хураан авсан байна. Автотээврийн үндэсний төвөөс хууль цагдаагийн байгууллагад хандсанаар тус үнэмлэхийг Хятадын талаас хуурамчаар хэвлэсэн байгааг илрүүлэн шалгаж байгаа аж.

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал П.Дэлгэрнаран “Мэргэшсэн жолооны үнэмлэхийг мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох журмаас гадуур хууль бусаар тараасан зөрчилтэй хатуу тэмцэж, хуулийн дагуу шийдвэрлүүлнэ. Цаашид Замын цагдаагийн албатай хамтран хууль хяналтын байгууллагад хандаж, Автотээврийн өдөр тутмын хяналтыг шат шатандаа чангатгана” гэлээ.

 

Мөн тээврийн хэрэгслийн дугаар олгох болон хяналтын үйл ажиллагаанд байнгын хяналт тавьж, аливаа хууль бус үйлдэл, ашиг сонирхлын зөрчил гарахаас сэргийлэх үүргийг нийт дарга нарт өглөө.

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Мэргэшсэн жолоочийн тасаг нь 2010 оноос “Автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийн шалгалт авах үнэмлэх олгох” журмын дагуу улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд одоогийн байдлаар  нийт 49,079 мэргэшсэн жолооч бүртгээд байгаа аж.

 

Эх сурвалж: Автотээврийн үндэсний төв