Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын кино найруулагч “Дэлхий бэлгийн дарамтан дээр оршдог юм” гэж хэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Холливүүдийн продюсер Харви Уэйнштэйнийг тойрсон бэлгийн дарамтын дуулианд Оросын мэргэжил нэгтнүүд нь ямар байр суурьтай байгааг хэвлэлийнхэн тодруулжээ.

Тэдний байр суурь энэ асуудал дээр янз бүр байгаа. Хамгийн сүүлд Оросын нэрт найруулагч Андрей Кончаловский энэ талаар үзэл бодлоо илэрхийлжээ. Найруулагч бэлгийн дарамт бол хэвийн зүйл гээд Харви Уэйнштэйнийг зөвтгөсөн байна.

Известия сонинд ярихдаа Кончаловский “Үнэндээ бүх дэлхий бэлгийн дарамтан дээр л тогтдог юм шүү дээ” гээд “Эрчүүд хүүхнүүдийг оролддог, хүүхнүүд эсэргүүцдэг. Энэ бол жам ёсны үзэгдэл” гэжээ.

80 настай Кончаловский “Хэрвээ ингээд байвал шүүхэд дуудагдахгүй эр хүн үлдэхгүй” гэж хошигносон байна.

Тэр бас “ийм тэнэг хэрэг” Орост яригдах боломжгүй гээд “Эр хүн бол эр хүн, эмэгтэйчүүд бол эмэгтэйчүүд. Бурхны авралаар бид улс төрийн бодлого нь ийм тэнэглэлд хүрчихээгүй оронд амьдарч байна. Эр хүнийг эр хүн, эмэгтэй хүнийг эмэгтэй гэж дуудаж болохгүй болсон үед бүгдийг нь зүгээр л хүн гэж дуудах болно. Энэ бол гэр бүлийг, ер нь бүх зүйлийг сүйтгэж байгаа неоконсерватив-глобалистуудын гажуудал юм” гэжээ.

Нэрт найруулагч ийм Холливүүд маягийн дуулиан Москвагийн төв хэсэгт л дэгдэж магадгүй бол энгийн Орос хүмүүс хүлээж авахгүй гэсэн юм.

Кончаловский ЗХУ-аас Америкт 1980-аад оны үед цагаачилж байсан хүн бөгөөд олон жил Холливүүдийн элитүүдтэй ажиллаж, хэд хэдэн сайн бүтээл туурвиж байжээ. Бас Орос киногоо ч энэ хугацаанд орхиогүй.

Известия сонинд өгсөн ярилцлагадаа тэр бас Уэйнштэйний дуулианыг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын явууллага байх боломжтойг хэлсэн байна. Уэйнштэйн нь 2016 оны сонгуулийн үеэр Трампын өрсөлдөгч Хиллари Клинтоны нэг дэмжигч байсан юм.

 

Эх сурвалж: Известия