Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

Гантиг шал, спа, Швед гал тогоо зэрэг ханхүүд зориулсан шорон

Э.Мөнхзаяа
2017 оны 11 сарын 10
MorninigNews.mn
Зураг зураг

-Саудын Арабын ханхүү нар, албан тушаалтнуудын шорон ямар вэ-

Саудын Арабт 11 ханхүү, дөрвөн сайд, төр засгийн өмнөх болон одоогийн хэдэн арван албан тушаалтныг саатуулсан билээ. Сэжигтнүүдийг шоронд хийхийн оронд Эр-Риядын төвд дээд зэрэглэлийн таван одтой зочид буудалд байршуулсан байна. Тэгвэл сэжигтнүүд ямар нөхцөлд хоригдож байгаа талаар “Газета”-д ийнхүү бичжээ.

Хааны удмын авлигачид

Саудын Арабын хааны гэр бүлийн гишүүд болон өмнөх, одоогийн албан тушаалтнуудыг баривчилсан тухай мэдээлэл өнгөрсөн амралтын өдөр ил болсон билээ. Одоогоор баривчлагдсан хүмүүсийн нэрс бүрэн гараагүй ч тэдний дунд Ойрх Дорнодын хамгийн баян хүн, Саудын хааны гэр бүлийн гишүүн Валид ибн Талал байгаа нь тодорхой болжээ.

Тэрбумтан эр “21st Century Fox”, “Citigroup”, “Apple”, “Twitter’’-т багц хувьцаа эзэмшдэгээс гадна Арабын ертөнцийн хиймэл дагуулын телевизийг хяналтдаа байлгадаг. Нэгэн таамаглалаар түүнийг саатуулсан шалтгаан нь авлигын заль мэх хэрэглэсэн гэжээ. Баривчилгаа явуулахаас өмнөхөн хаан Салман ибн Абдул-Азизын зарлигаар Авлигын эсрэг хороог байгуулж, түүнийг хүү, ханхүү Мухаммад бин Салман нь толгойлсон билээ.

Үнэхээр төрийн өндөр албан тушаалтнуудыг улсаас хорих анги руу явуулаагүй нь үнэн аж. Тэднийг нийслэлийн төвд орших тансаг ангиллын таван одтой зочид буудалд байршуулсан гэнэ. The Guardian’’-ы мэдээлж буйгаар бямба гарагт баривчилгаа явуулдаг шөнө зочид буудлын зочдыг эд зүйлсээ бөөгнүүлж, ресейпшин дээр очих хүсэлт тавьсан байна. Ингээд автобуснууд ирж, зочдыг Эр-Риядын өөр зочид буудлуудад байршуулжээ.

Цагийн дараа хоосорсон зочид буудалд шинэ автобуснууд ирсэн байна. Эдгээр автобуснуудад хааны гэр бүлийн гишүүд, бизнес удирдагчид болон бусад өндөр албан тушаалын саатуулагдсан хүмүүсийг зөөж авч иржээ.

Ням гарагийн өглөө гэхэд зочид буудалд Саудын Арабын өндөр албан тушаалын 30 гаруй хүн саатуулагдсан аж.

Люкс ангиллын шорон

Сэжигтнүүдийн түр байрлаж байгаа зочид буудал нь тансаг зэрэглэлийн гэсэн бүхэнд нийцнэ. Үүд хэсэгтээ асар том усан оргилууртай бөгөөд тойруулан дал мод суулгасан, шөнийн цагаар буудлын талбайг хэдэн арван дэнлүү гэрэлтүүлдэг байна. Тус зочид буудал 493 өрөөтэйгөөс 49 нь хааны хоёр өрөөтэй байр, 50 нь люкс ангиллын нэг өрөөтэй өрөө аж.

Дотоод заслын хувьд шилтгээн л гэсэн үг. Шал, шатыг нь гантигаар хийж, ханыг нь шигтгэмэл зургаар чимэглэж, таазан дээр нь бага хүрээ хэлбэрийн олон гэрэлтэй бүрхүүл дүүжилжээ.

Зочид буудлын хоол буюу үүдний танхимыг цэнхэр өнгийн хилэнгээр бүрсэн ховор төрлийн модон тавилгаар чимэглэж, амьд цэцэг, тансаг загварын ваар тавьж, морины хөшөө, баганаар гоёжээ. Өрөөний дизайн тухайн өрөөнийхөө статусаас шалтгаалаад өөр өөр. Хамгийн энгийн өрөө нь гэхэд стандарт тавилгууд, шингэн кристалл дэлгэцтэй зурагт, шаахай, халат зэргийг тавьсан байна.

Арай илүү чинээлэг зочдод бол саруул өрөөтэй, үнэтэй тавилга, 12 хүн багтах гал тогоотой өрөө ч байх аж. Гэхдээ өрөөндөө хоол идэх ямар ч шаардлага байхгүй. Учир нь тус зочид буудалд зургаан ресторан байх бөгөөд швед, ливан, итали, хятад хоолноос захиалах боломжтой.

Амарч, зугаацаж цэнгэе гэвэл энд бөмбөгөр дээвэртэй, шалнаасаа тааз хүртэл том цонхтой танхимд асар том бассейн байх агаад эндээс 18 мянган м.кв талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн, спа танхим нь бүрэн харагдана. Түүнчлэн фитнесс төв, боулингийн зургаан замтай. Энд зочид буудлын үйлчлүүлэгчид согтууруулах ундааны найрлагагүй жимсний коктейл шимэх боломжтой.

Харин энэ зочид буудлын яг аль өрөөнүүдэд нь саатуулагдсан этгээдүүд байгаа нь тодорхойгүй байна.

Тэдэнд яагаад ийнхүү сайн хандана вэ?

Хааны удмын төлөөлөгчдийг шууд шоронд хийх нь гэр бүлийн уламжлалд тоомжиргүй хандсан асуудал болно. Энэ нь цаашид таагүй үр дагавар үүсгэх магадлалтай. Учир нь Саудын Арабыг хаант засаглалын хэдэн үе удирдаж буй бөгөөд заримдаа бие биетэйгээ өрсөлдөөн үүсгэх нь бий. Тиймээс улс дотроо нэгнээ илт доромжлох нь вант улс дахь дотоод холбоогоо таслахад хүргэнэ.

Тус улсын нэгэн өндөр албан тушаалтан, нэрээ нууцалсан нэгэн эх сурвалжийн хэлснээр зочид буудал бол энэ асуудлыг шийдвэрлэх хамгийн зөв гарц гэнэ. “Тэр (ханхүү Мухаммад бин Салманыг хэлж байна) тэднийг шоронд хийх боломжгүй. Үүнийг ч сайн мэдэж байна. Тиймээс зочид буудал бол байж болох хамгийн зөв шийдвэр” гэж эх сурвалж мэдээлжээ.

Зураг