Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

Колумбийн цагдаа 12 тонн кокайн хурааж авсан нь түүхэн дээд үзүүлэлт болжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Колумбийн ерөнхийлөгч Хуан Мануэл Сантос

Өмнөд Америкийн Колумби улсын цагдаа тус улсын хамгийн том гэмт хэргийн бүлгээс 12 тонн гаруй кокайн олзолсон нь түүхэнд орох дээд үзүүлэлт болжээ.

Мансууруулах бодисыг Панамтай хиллэдэг Антиокиа мужийн гадилны тариалангийн дөрвөн фермийн газар дор нууж байсан гэнэ.

Колумбийн ерөнхийлөгч Хуан Мануэл Сантосын хэлснээр энэхүү үлэмж хэмжээний кокайны үнэ нь АНУ-ын зах зээлийн үнэлгээгээр $360 саяд хүрэх юм байна.

Хэрвээ жижиглэнгийн үнээр зарвал гудамжинд нэг граммыг нь $60-аар зардаг тул $660 сая хүрнэ гэж тооцоолжээ. Ерөнхийлөгч Сантос “Найрамдалт орнуудын тагнуулын байгууллагуудын дэмжлэгтэйгээр манай цагдаа нар түүхэнд хамгийн томд тооцогдох кокайны нөөцийг илрүүлэх ажиллагааг гүйцэтгэлээ” гэж хэргийн газар дээрээс мэдэгдсэн байна.

Уг кокайныг хадгалж байсан Gulf Clan гэмт хэргийн бүлэг нь Колумбийн эрх баригчдыг 2016 онд Марксист Фарк партизаны бүлэгтэй энхийн гэрээ байгуулснаас хойшх тус улсын хамгийн том аюул болоод байгаа юм.

Gulf Clan-ий толгойлогч Дайро Антонио Усугаг баривчлах эсвэл устгахад тусалсан хүнд АНУ-ын засаг захиргаа $5 сая хүртэл шагнал амлаад байгаа.

Колумбийн мафийн хар тамхины гол зах зээл нь АНУ болдог. Колумби улс дэлхийд тэргүүлэх кокайн үйлдвэрлэгч бөгөөд жилийн олборлолт нь 910 тонн хүрдэг гэж АНУ-ын Мансууруулах Бодистой тэмцэх алба мэдээлсэн байна. Энэ онд цагдаа, хүчнийхэн 362 тонн кокайн хураагаад байгаа ажээ.

 

Эх сурвалж: The Guardian