Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдэмтэд анх удаа хүүхдийн арьсыг бараг бүхэлд нь шинээр сольж чаджээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 11 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Генетикийн ховор өвчтэй долоон настай хүүгийн арьсны 80 хувийг эрдэмтэд шинээр сольж, амийг нь аварсан байна.

Генийн инженерчлэлийн аргаар хүний арьсыг шинээр бүтээх нь шинэ зүйл биш. Гэхдээ өмнө нь өчүүхэн хэмжээний арьс лабораторид гарган авч чаддаг байлаа. Харин энэ удаа хүний биеийг бүхэлд нь бүрхэх хэмжээний арьсыг анх удаа амжилттай гаргаж авсан нь энэ юм.

Хүү Junctional Epidermolysis Bullosa (JEB) гэгддэг удамшлын арьсны ховор өвчтэй байжээ. Мэс ажилбараас хоёр жилийн дараа хүү бүрэн эрүүл болж, хэвийн амьдралаар амьдрах болсон байна.

Энэхүү эмчилгээний үр дүнг өчигдөр Nature сэтгүүлд нийтэлсэн юм.

Дэлхий даяар 500,000 хүн JEB өвчинтэй байдаг ба ийм хүмүүсийн ген нь мутацид орсноор арьс амархан цэврүүтэж, эцэстээ хорт хавдар болдог байна.

Өвчний улмаас хүүгийн биеийн арьсны гуравны хоёр нь устаж, арьсгүй улаан нүцгэн болоод байжээ.

Маш их өвддөг тул хүүг амьд байлгахын тулд эмч нар бүхнийг хийдэг байсан гэнэ. Эцэст нь тэд Италийн Моденагийн их сургуулийн сэргээн төлжүүлэх төвийн захирал Мишель де Лукад ханджээ.

Лукагийн баг өмнө нь хүний хөлний арьсыг сэргээж байсан ч ийм том хэмжээгээр арьс бүтээж байгаагүй байв. Ингээд тэд хүүгийн арьснаас авсан эсийг лабораторийн нөхцөлд ургуулсаар генийн инженерчлэлээр бүтээсэн мутацид ордоггүй шинэ арьс гаргаж авчээ.

Шинэ арьсаа хүүгийн биед суурилуулснаас найман сарын дараа хүү бүрэн эрүүл болсон байна. Одоо хүү ямар ч өвчин зовиургүй, бусад хүүхдийн адил наадаж тоглодог болжээ.

Эрдэмтэд энэхүү ажлын үр дүн цаашид олон төрлийн арьсны эмчилгээнд хэрэглэгддэг болох ирээдүйтэйг онцолсон байна.

 

Эх сурвалж: The Verge