Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Дорж: Улаанбаатар хот ерөнхий төлөвлөгөөтэй байхын тулд л ерөнхий төлөвлөгөөтэй байсан

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 11 сарын 9
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

Барилгын зураг төсөл зохиогчдын холбооноос Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулж, тулгарч буй хүндрэлүүдээс гарах арга замуудын талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт барилгын салбарын зөвлөх инженерүүд оролцсон юм. Хот төлөвлөлтийн асуудлаарх тэдний байр суурийг сонирхлоо.

Барилгын зураг төсөл зохиогчдын холбооны Ерөнхийлөгч, Зөвлөх инженер Н.Дорж “Барилгын салбар сүүлийн таван жилд гурван сайдын нүүр үзлээ. Үүний нэг нь л мэргэжлийн хүн байсан. Бид мэргэжлийн хүмүүс юм бол өөрсдөө үгээ хэлж, бодитой хувь нэмрээ оруулах шаардлагатай байна гэж бодож энэ уулзалтыг зохион байгуулж байна.

Засгийн газраас хэд хэдэн удаа Үндэсний хөтөлбөр хэрэгжүүлсэн ч одоо болтол хийгдээгүй байна. Монгол Улсад янз бүрийн төсөл хөтөлбөр, бичиг баримтууд бий. Хөрсөн дээр бууж хэрэгжсэн юм маш бага. Энэ асуудлыг ярихаар эргээд засаглалын хямралыг ярих болно. Ялангуяа манай барилгын салбарын мэргэжлийн удирдлагын чадавх жил ирэх бүр муудаж байна.

 
Гэрэл зургийг MPA.mn

Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний ажлыг 2000 онд хийсэн. Энэ ерөнхий төлөвлөгөөг Монголын үндэсний инженер, архитекторууд өөрсдөө бүтээсэн. Гадны мэргэжилтнүүд энэ төлөвлөгөөг муу гэдэггүй. Харин хэрэгжүүлж чадаагүй юм байна гэдэг. Ерөнхий төлөвлөгөөгөө мөрдсөн бол Улаанбаатар хот арай ч ийм болохгүй байсан.

2005-2006 онд Жайкагийн төслөөр ерөнхий төлөвлөгөөг шинэчилсэн ч ахиад мөрдөөгүй. Үндсэндээ Улаанбаатар хот ерөнхий төлөвлөгөөтэй байхын тулд л ерөнхий төлөвлөгөөтэй байсан гэж хэлж болно” гэв.

"Газар өмчлөлийн асуудал бүх юмны тээг болчихсон байна"
 
Гэрэл зургийг MPA.mn

Зөвлөх архитектор Ө.Ганболд “Барилга үсрээд л 100 жил болно. Харин хот 500 жил болно. Тэгэхээр зам л үлддэг. Замынхаа сүлжээг зөв тавиагүй тохиолдолд түгжрэл буурахгүй. Байгууллага, орон сууц бүр өөрсдийн дураар зам хаагаад хашаа барьчихсан. 21 дүгээр зуунд ингэж амьдарч болохгүй. Энэ баригдаж байгаа барилгууд бүгдээрээ хотоос зөвшөөрөл авч байгаа. Яагаад ийм болоод байгааг бид тодорхой ярих хэрэгтэй.

Газар өмчлөлийн асуудал бүх юмны тээг болчихсон байна. Газрын албанаас олгосон газарт тохируулж архитекторууд зам, байшингаа бариад байна. Уг нь эхлээд төлөвлөөд дараа нь газраа өгөх ёстой. Энэ бол аймар том алдаа. Хууль манайд байгаа ч учир дутагдалтай. Хуулиа сайжруулах гээд үзэж байгаа ч мэргэжилтнүүдийн оролцоо бага. Мөн чадвар, туршлага бага, бие биенийхээ үгийг сонсохгүй байна.

Улаанбаатар хотын ирээдүйг харах ёстой. Үнэлгээний маш сайн хууль хэрэгтэй гэж би боддог. Зам тавья, түгжрэлгүй болгоё гэхээр баригдсан газрууд саад болоод байна. Хэдэн тэрбумаар нь төлөх болдог. Нийтийн газар дээр суучихаад хэдэн тэрбум төгрөг нэхэж сул мөнгө олох гэж байна. Үүний оронд маш сайн үнэлгээний компаниар үнэлүүлж, тохирсон мөнгийг нь өгч газрыг суллах хэрэгтэй. Мэдээж иргэдийг хохироохгүй. Ийм байдлаар хотоо цэгцтэй болгож болно” гэв.

"Монгол Улсад хэтийн хөгжлийн бодлого алга"
 
Гэрэл зургийг MPA.mn

Зөвлөх архитектор О.Саранцацралт “Хүмүүсээ ажлын байртай болгохгүйгээр олон байшин барьчихаад зарна гээд байна. Ажилгүй хүмүүс яаж худалдаж авах вэ. Монгол Улсад хэтийн хөгжлийн бодлого алга. 330 төв суурин газрыг зэрэглээд, яаж хөгжүүлбэл тэнд амьдрах вэ, тэнд байгаа хүмүүс ямар ажил хийж, хэрхэн орлоготой болох вэ гэдгийг маш тодорхой болгох ёстой. Ажлын байргүй хүмүүс инженерийн шугам сүлжээ бүхий орон сууцнуудыг худалдан авч чадахгүй. Төв суурин газруудад мал аж ахуйг түшиглэсэн ажлын байртай болговол Улаанбаатар хотын утаанд амьдрахыг бодохгүй. Ингэж байж төвлөрөл буурна.

20-30 жилийн алсыг харсан бодлого чухал болохоос биш Багануур руу хот нүүлгэх, Эрдэнэтийг байлгана байлгахгүй, Оюу толгойг хөгжүүлнэ хөгжүүлэхгүй гэж ярих гол асуудал биш” гэв.