Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

Трампын айлчлалаар Өмнөд Солонгосчууд Японд “цохилт” өгч чаджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 9
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын Өмнөд Солонгост хийсэн айлчлалын үеэр Сөүлийн эрх баригчдын зохион байгуулсан арга хэмжээнүүд Өмнөд Солонгос-Японы харилцаанд сэв суулгажээ.

Тухайлбал Мягмар гарагийн оройн хүндэтгэлийн зоог дээр тэд хоёр ч удаагийн үйлдлээр Өмнөд Солонгос-Японы харилцааны эмзэг сэдвийг хөндөж чадсан байна.

Хөх ордны зоогийн үеэр эрх баригчид дэлхийн хоёрдугаар дайны үед Японы армийн эмсийн хүрээлэнд сэкс боол байсан 88 настай эмэгтэйг урьж, Дональд Трамптай уулзуулжээ. Ингэснээр АНУ-ын төрийн тэргүүнд Япончуудын үйлдсэн дайны үеийн гэмт хэргийн талаар мэдээлэл өгч чадсан байна.

Мөн Японтой маргаантай байдаг Докдо арлын орчмын уснаас агнасан сам хорхойг Трампын зоогт оруулсан нь тус арлыг өөрийн газар нутаг гэдгээ харуулсан чухал алхам болжээ.

 

Мягмар гарагт Японы засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ёшихиде Суга Токиод мэдэгдэл хийхдээ Сөүлийн эрх баригчдыг Япон, Өмнөд Солонгос, АНУ гурвын харилцаанд сэв суулгах ямар нэг алхам хийхгүй байхыг сануулж байв.

Тэр бас дайны үеийн сэкс боолын асуудлаар хоёр тал 2015 онд ойлголцолд хүрсэн гэдгийг өгүүлсэн байна. Японы Fuji TV суваг Докдо арлын сам хорхойн талаар мэдээлж, Өмнөд Солонгос газар нутгийн маргаанаа Вашингтоны анхаарлын төвд оруулахыг хичээж байна гэж мэдээлжээ.

Японы өдөр тутмын Санкэй Шимбун сонин Мягмар гарагийн зоогийг бүхэлдээ Японы эсрэг арга хэмжээ болсон гээд хоёр орны харилцаанд “хүйтэн ус цутгасан” явдал боллоо гэж мэдээлсэн юм.

Харин Хөх ордны төлөөлөгч зориудаар Японы эсрэг арга хэмжээг төлөвлөснөө хүлээн зөвшөөрч “ерөнхийлөгч Мүүн Жэ Ин АНУ-ын ерөнхийлөгчийг эдгээр асуудлууд дээр тэнцвэртэй байр суурь баримталдаг болгохыг хүссэн байх” гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: Korea Times