Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

Трампын зээ охин Ши өвөөдөө мандарин хэлээр мэндчилгээ хүргэжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 9
iKon.MN
Зураг зураг

БНХАУ-д айлчилж байгаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын зээ охин, 6 настай Арабела Кушнер өчигдөр хоёр орны хоорондын дипломат харилцаанд чухал үүрэг гүйцэтгэлээ.

Хориотой хотын номын сан байсан Бао Юн Лоу асарт Трамп, Ши Жиньпин нар эхнэрүүдийн хамт цай зооглож суух үеэр АНУ-ын ерөнхийлөгч өөрийн таблет компьютер дээр зээ охиныхоо мандарин хэлээр дуулж, шүлэг уншсан мэндчилгээний дүрс бичлэгийг Хятадын төрийн тэргүүнд үзүүлжээ.

Дараа нь хэвлэлүүдэд тарсан дүрс бичлэгнээс харвал Арабела охин үзүүлбэрийнхээ эхэнд Хятадын төрийн тэргүүнийг “өвөө”, тэргүүн хатагтайг “эмээ” гэж дуудан мэндэлсэн байна.

“Сайн байна уу Ши өвөө. Сайн байна уу Пэн эмээ” гэж мэндэлснийхээ дараа охин дуу дуулж, шүлэг уншжээ.

Иванка Трамп, Жаред Кушнер нарын том охин Арабела дөнгөж 16 сартайгаасаа эхлэн хятад асрагч эмэгтэйгээр мандарин хэл заалгасан гэдэг.

Охины мэндчилгээг үзсэн Ши Жиньпин үзүүлбэрт “+A” дүн өгч, түүнийг “бяцхан од” хэмээн өхөөрджээ. Тэр бас Арабелаг удахгүй Хятадад зочилно гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн байна.

Өнгөрсөн хоёрдугаар сард Хятадын цагаан сараар Арабела охин бас ээжийн хамт Вашингтон дахь Хятадын элчин сайдын яаманд зочилж, дипломатчийн үүргээ гүйцэтгэж байсан юм.

Дараа нь дөрөвдүгээр сард Ши Жиньпинийг эхнэрийн хамт Флоридад айлчлахад Арабела мөн тэдэнд зориулан дуу дуулж, шүлэг уншиж байв.

Дональд Трампын Хятадад хийх гурван өдрийн айлчлал өчигдөр эхэлж, Бээжингийн төвд орших Хориотой хотод зочилсон юм. Хориотой хот нь 500 гаруй жилийн турш Хятадын засаглалын гол төв болж байсан түүхтэй.

Трамп эхнэрийн хамт өчигдөр энд Бээжин дуурийн тоглолт үзэж сонирхсон байна.

АНУ-ын ерөнхийлөгч маргааш үдээс хойш дагалдагсдынхаа хамт Вьетнамыг зорих юм.

 

Эх сурвалж: South China Morning Post