Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп Өмнөд Солонгосын парламентийн индрээс Ким Жон Унд хандаж санал тавив

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Өмнөд Солонгосоос Бээжинг зорин нисэхийнхээ өмнөхөн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тус улсын парламентийн индэр дээрээс үг хэллээ.

Тэр өнөөдөр өглөө хоёр Солонгосыг заагладаг DMZ буюу зэвсэггүй бүсэд гэнэтийн айлчлал хийх гэж оролдоод бүтэлгүйтсэн юм. Трампыг нисдэг тэргээр хилд ойртох үед битүү манан татаж, үзэгдэх орчин муудсан тул буцсан байна. Тэрээр нисдэг тэрэгнээсээ бууж, манан буухыг цаг орчим хүлээж лимузиндаа суусан ч байдал өөрчлөгдөөгүй тул Сөүл рүү буцжээ. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин бас түүнтэй хамт хил дээр очиж, Хойд Солонгосын газар нутаг руу хараа бэлчээн хамтдаа зогсох үзэл суртлын хүчтэй арга хэмжээ төлөвлөөд байжээ.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчийн баталснаар Трамп уг аялалаас нэлээд бухимдалтай ирсэн гэнэ.

Өмнөд Солонгосын парламентийн танхимд үг хэлэхдээ Трамп “Аюулыг хамтдаа сөрөн зогсох нь бидний үүрэг хариуцлага юм. Цаг өнгөрөх тусам аюул нэмэгдэж, боломж улам багасаж байна” хэмээн Хойд Солонгосын цөмийн зэвсгийн аюулын талаар Өмнөдийн улс төрчдөд хэлжээ.

Тэр бас Пёньянд хандан “манай засгийн газар бол АНУ-ын өмнөх засаг захиргаануудаас тэс өөр” гэж анхааруулсан байна.

Гэвч Трамп эцэст нь өмнөх засаг захиргаануудынхаа нэгэн адил Хойд Солонгосыг хэлэлцээрийн ширээний ард сууж, цөмийн зэвсгээсээ салахыг уриалжээ.

Түүний хэлсэн дараах үг Ким Жон Унд шууд хандсан утгатай гэж ойлгож болохоор байна.

“Өнөөдрийн Хойд Солонгос бол өвөг эцгийн чинь төсөөлж байсан улс биш болсон. Энэ бол ямар ч хүн тогтохын аргагүй там юм. Чи хүмүүсийн эсрэг, бурхны эсрэг хэчнээн нүгэл үйлдсэн ч бид чамд хамаагүй сайхан ирээдүйг санал болгож чадна. Танай дэглэм дайсагналаа зогсоож, цөмийн зэвсэг, баллистик пуужингаасаа салсан цагаас энэ ирээдүй эхлэх юм” гэж Трамп хэлжээ.

Нэг үгээр хэлбэл зэвсэглэл, дайсагналаасаа зогсоох юм бол Ким Жон Унд баталгаатай сайхан амьдрал амласан хэрэг байлаа.

Гэхдээ 25 сая хүнтэй улс орныг захирч байгаа 31 настай залуу хүүд энэ үг нөлөөлөх эсэх нь тун эргэлзээтэй.

Өөрийн нөлөөг алдахгүй байх цорын ганц боломж нь цөмийн зэвсэг гэдгийг тэр тун сайн ойлгож байгаа. Цөмийн зэвсэггүй, цөмийн зэвсэгтэй болох санаархлаасаа татгалзсан Саддам Хусайн, Муаммар Гаддафи нар яаж төгссөнийг тэр бас сайн мэдэх юм.

 

Эх сурвалж: Quartz