Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгос АНУ-аас стратегийн зэр зэвсэг худалдаж авах тохиролцоонд хүрчээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг

25 жилийн дараа АНУ-ын ерөнхийлөгчийн Өмнөд Солонгост хийж буй төрийн айлчлалын үеэр Сөүлийн эрх баригчид стратегийн зэр зэвсэг худалдаж авах тохиролцоонд хүрсэн байна.

Өчигдөр хоёр орны удирдагчдын дээд хэмжээний уулзалт болж, энэ үеэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хамгийн орчин үеийн зэвсэглэлийг Өмнөд Солонгост нийлүүлэхийг дэмжжээ. Уулзалтын дараа болсон хэвлэлийн хурлын үеэр Мүүн Жэ Ин “Өмнөд Солонгосын батлан хамгаалах чадавхийг нэмэгдүүлэхэд зориулж орчин үеийн тагнуулын техник хэрэгсэл, цөмийн хөдөлгүүртэй шумбагч хөлөг зэргийг худалдан авах ажлыг эхлүүлэхээр боллоо” гэж мэдэгдсэн байна.

Дональд Трамп “Өмнөд Солонгос хэдэн тэрбумаар үнэлэгдэх зэвсэг техник худалдаж авснаар хоёр талд ашигтай, шууд хэлэхэд Өмнөд Солонгостой хийдэг манай гадаад худалдааны алдагдлыг бууруулахад хэрэгтэй алхам боллоо” гэж мэдэгджээ.

Гэхдээ ямар зэвсгийг ямар хэмжээтэйгээр худалдаж авахыг нарийн шийдээгүй байгааг Хөх ордны эх сурвалж мэдээлсэн байна. Зарим зэвсгийг хоёр улс хамтран бүтээх тухай бас яригдсан байна.

Өөр нэг чухал асуудал нь Өмнөд Солонгосын баллистик пуужингийн цөмийн цэнэгт хошуунд тавигддаг жингийн хязгаарлалтыг цуцлахыг Вашингтон зөвшөөрсөн нь Сөүлийн өөрийгөө хамгаалах чадварыг нэмэгдүүлсэн үйл явдал байлаа.

Мөн Өмнөд Солонгост байрлаж байгаа АНУ-ын цэргийн баазын зардлыг талууд тодорхой хэмжээнд хуваалцах тохиролцоонд хүрсэн гэнэ. АНУ-Өмнөд Солонгосын чөлөөт худалдааны гэрээг шинэчилж, АНУ-ын алдагдлыг бууруулах тухай асуудлыг энэ үеэр мөн ярилцсан байна.

Трамп Азийн орнуудыг гадаад худалдаандаа АНУ-ыг алдагдалд оруулж байгааг байнга шүүмжилдэг. Тэр Японд айлчлахдаа энэ тухай мөн ярьж байсан юм.

Талууд Хойд Солонгосын цөмийн зэвсгийн аюулын эсрэг хамтран тэмцэхээ илэрхийлцгээжээ. Трамп Хойд Солонгосыг “дэлхий нийтийн аюул тул дэлхий нийтээр арга хэмжээ авах хэрэгтэй” гэж хэлсэн байна.

Хойд Солонгосын асуудлыг хэлэлцэхдээ Өмнөд Солонгосыг оролцуулахгүй байгаа гэх ярианы тухай сэтгүүлчид асуухад Трамп “Өмнөд Солонгос бол миний хувьд маш чухал түнш тул би тэднийг алгасна гэж байхгүй. Яг одоо би үүнийг батлан хэлж чадна. Үүнээс гадна миний бие тус улсын ерөнхийлөгч болон бусад хүмүүстэй маш сайн харилцаатай байгаа. Бидний хэн нь ч бие биенээ үл тоох учиргүй” гэж хэлжээ.

 

Эх сурвалж: Korea Times