Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

Октябрийн хувьсгалын 100 жилийн ойг Оросууд хэрхэн тэмдэглэж байна вэ?

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг

1917 оны энэ өдөр дэгдсэн хувьсгалын түүхт өдрийг Оросууд бараг тэмдэглэхгүй өнгөрөөж байна.

Энэ өдөр энгийн ажлын өдөр болохыг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч өнгөрсөн сард мэдэгдэж байв. Дмитрий Песков энэ үеэр сэтгүүлчдэд “Энэ өдрийг тэмдэглэх ямар шалтгаан байгаа гэж?” хэмээн асуултыг асуултаар хариулж байжээ.

Өнөөдөр Оросын томоохон сөрөг хүчинд тооцогддог Коммунист нам харин Октябрийн баяраа тэмдэглэх гэнэ. Тэд бага хэмжээний жагсаал хийх ба “Ленин-Сталин-Ялалт!”, “Лениний үзэл санааг хэрэгжүүлье!” гэсэн уриан дор жагсах юм байна.

Гэвч тэдний жагсаал болох Кремлийн ойролцоох Карл Марксийн хөшөө орчимд 5,000 хүртэл тооны хүн цуглах эрхийг Кремль өгчээ.

Орой нь коммунистууд Москва зочид буудалд найрлаж, хундага өргөх юм байна.

1917 оны арваннэгдүгээр сарын 7 (Оросын хуучны тооллоор аравдугаар сарын 25)-ны өдөр Аврора хөлөг онгоцноос Өвлийн ордон руу гал нээснээр зэвсэгт бослого эхэлж байв.

Энэ өдөр Зөвлөлтийн үед хамгийн том баярын өдөр, амралт болдог байжээ. Харин орчин үеийн Орост энэ өдөр ердийн ажлын өдөр бөгөөд арваннэгдүгээр сарын 4-нд болдог үндэсний эв нэгдлий өдөрт бүх нийтийн амралтыг шилжүүлсэн байдаг.

Өнөөдөр Улаан талбайд цэргийн парад болох ба гэхдээ энэ нь Октябрийн хувьсгалтай ямар ч хамаагүй, 1941 оны энэ өдөр улаан цэрэг Москваг хамгаалахаар парадаас шууд фронтын шугам руу явж байсан үйл явдлыг дурсах юм байна.

Улаан талбайн парадын шууд дамжуулалт:

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хуучин Зөвлөлтийн үеийн дурсамжийг сэргээх дургүй нь мэдрэгддэг. Задран унасан Зөвлөлт Холбоот Улсын дурсамж түүний улс орноо нэгдмэл байлгах зорилгод буруу үлгэр болдогтой холбоотой гэх хүмүүс бий.

Тэр нэг удаа хувьсгалыг “манай түүхийн ээдрээтэй цаг үе” хэмээн нэрлэж, өнгөрсөн үедээ хүндэтгэлтэй, бодитойгоор хандах хэрэгтэйг ярьж байв.

Оросуудын ихэнх нь Октябрийн баярыг мартсан нь судалгаанаас харагддаг. Коммунист намын гаргасан судалгаагаар иргэдийн 58 хувь нь уг баярыг мэдэхгүй байжээ. Одоогийн байдлаар Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улсуудаас ганцхан Беларуст энэ өдөр бүх нийтээр амарч байна.

Өнгөрсөн сард Киргизистан улс арваннэгдүгээр сарын 7-нд амрахаа болих шийдвэр гаргаснаар Зөвлөлт хэв маягийн удирдагч гэгддэг Александр Лукашенкогийн Беларусь ганцаар үлдсэн юм.

 

Эх сурвалж: AFP