Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгос Трампыг дайлах зоогоороо Японыг “бут цохихоор” төлөвлөжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Сайтар болгосон үхрийн махан стикийг кэчапаар амтлан идэх дуртай Америкийн ерөнхийлөгчийг ямар хоолоор дайлах нь Азийн орнуудад том асуудал болж байгаа гэнэ.

Өнөөдөр орой Дональд Трамп Сөүл хотод хүндэтгэлийн зоог барих юм. Хөх ордны тогоочид энэ удаа гараа гаргаж, маш тансаг хоол бэлдэж байгааг хэвлэлүүд мэдээлжээ.

Тэд үхрийн хавиргыг 360 жилийн настай шар буурцагны сүмсээр амтлан бэлдэж байгааг Сөүлийн ерөнхийлөгчийн ордны төлөөлөгч мэдээлсэн байна. Сүмсийг анх 1657 онд бэлдсэн бөгөөд тухайн жил АНУ-ын тусгаар тогтнолын тунхагийг баталсан Бэнжамин Фрэнклин мэндэлж байжээ.

Шар буурцагны сүмс нь Солонгос хоолны чухал хэсэг бөгөөд янз бүрийн мастеруудын бэлдсэн хэдэн арав, хэдэн зуун жил дарж исгэсэн сүмсийг литрийг нь хэдэн арван мянган ам.доллараар зарах нь бий.

2012 оны нэгэн хоолны шоуны үеэр 450 жилийн өмнө бэлдсэн 100 сая воны үнэтэй ($90,000) сүмс үзүүлж байв.

Өнөөдрийн зоогт бас Трампын дуртай шарсан ул загас байх гэнэ. Ерөнхийдөө Хөх ордны зоог Солонгос үндэсний болон Америк хоолны холимог байдлаар бэлтгэгдэхээр болжээ.

Мөн Трампын зоогийг нэгэн төрлийн сам хорхойгоор хачирлахаар болсон нь улс төрийн нарийн учир агуулгатай гэнэ. Уг хүнсийг Өмнөд Солонгос-Японы дунд маргаантай байдаг Докдо арал (Япончууд Такешима гэдэг) орчмоос агнасан юм байна.

Үүгээрээ тэд маргаантай арлыг өөрийн газар нутаг гэдгээ харуулж байгаа бололтой.

Японд хоёр хоног саатахдаа Трамп илүү Америк маягийн хоол зооглож байсан. Барак Обама 2014 онд Токиод ирэхдээ алдарт Сукиябаши Жиро рестораны сушиг зооглож байсан бол Трамп өөрийн хүслээр хооллож байв.

Эхний өдрөө тэр Шинзо Абэтай гольф тоглохдоо $10-ын үнэтэй Америк үхрийн махан бургерийг Heinz кэчапаар хачирлан хүртэж, араас нь Кока Колагаар даруулсан байна.

Харин орой нь тэд тэппаняки ресторанд зочилж, уламжлалт үхрийн шарсан мах зоогложээ.

Японы алдарт Вагю үхрийн махыг зооглож байхдаа Трамп кэчап шаардаж зовоох вий хэмээн Япончууд энэ үед сошиал сүлжээнд хошигнож байв. Маргааш нь болсон төрийн хүндэтгэлийн зоогт япон хоолоор үйлчилсэн ч бас л үхрийн мах голдуу байжээ.

Нэг үгээр хэлбэл Япончуудын зоог Трампын таашаалд нийцүүлсэн байсан гэхэд болно. Харин Солонгосчууд “Ази-Америк” холимог зоог бэлдсэн нь “Америкийг нэгдүгээрт” тавьдаг Дональд Трампад ямар сэтгэгдэл төрүүлэхийг хэн ч хэлж мэдэхгүй байгаа гэнэ.

 

Эх сурвалж: The Washington Post