Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

"2018 оны төсөвт төрийн албан хаагчдын цалинг 10 хувь нэмэгдүүлэх шаардлага тавина"

ikon.mn
2017 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ дахь Ардчилсан намын бүлэг  өнөөдөр  /2017.11.07/  хуралдаж, Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн ажлын хэсгийн дүгнэлт, 2017 оны төсвийн тодотголд тавьсан Ерөнхийлөгчийн хориг, бусад асуудлыг хэлэлцэв. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ.

Төсвийн тодотгол төсвийн тухай хуулийг зөрчиж орж ирсэн. Тиймээс хууль дээдлэх зарчмаа баримтлах ёстой гэдэг утгаараа Ардчилдсан намын бүлэг тодотголыг дэмжихгүй гэдгээ тухай үед илэрхийлж байсан. Мөн төсвийн тодотголд төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх, хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох шаардлагыг тавьсан. Тэгвэл Ерөнхийлөгчийн 2017 төсвийн тодотгол үндсэндээ бодлогын зарчим баримтлаагүй, хууль дээдлээгүй байна гэсэн шатгаанаар хориг тавьсан нь Төсвийн тодотгол хууль зөрчиж, хууль  дээдлэх зарчим алдагдсан гэдэн Ардчилсан намын бүлгийн өмнөх байр суурьтай нийцэж байгаа гэдгийг бүлгийн дарга Д.Эрдэнэбат онцоллоо. 

Д.Эрдэнэбат: ОУВС-ийн шахалтаар хууль зөрчиж болохгүй

 
Гэрэл зургийг mpa.mn

Төсөв батлах хугацаа бага үлдсэн. Тиймээс  маш хурдан төсвийн батлах шаардлагатай гэж Ардчилсан намын бүлэг үзэж буй. Гэхдээ төсөвтэй холбоотой хэд хэдэн бодлогын зүйлүүдэд анхаарахыг эрх баригчдад сануулж байгаагаа Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэллээ. Алдагдал буураагүй, орлогын хуваарилалт нь бодлогын шинж чанар агуулаагүй. Ихэнхдээ зарлагын хуваарилалтдаа халамж, хөрөнгө оруулалтыг дэмжсэн. Энэ нь урсгал зардлыг огцом өсгөх ирээдүйд төсвийг хүндрүүлэх эрсдлийг дагуулж байгаа учир эргэж харах шаардлагатай.

Энгийн жишээ хэлэхэд, жил бүр 70 тэрбум төгрөгөөр зардал нэмэгдээд байвал гурван жилийн дараа төсвийн урсгал зардлын ачаалал 400 тэрбум төгрөгөөр нэмэгдэх болно. Үүнийг Монгол Улс дааж чадах нь эргэлзээтэй. Тиймээс ч бид энэ саналыг тавьж байгаа юм. Цалин, урамшууллын тухай асуудалд дээр зарчмын байр суурийг ялгаа байгаа. Ер нь сүүлийн үед ОУВС нэрээр Монгол Улсын маш олон хууль, тогтоомжийг зөрчиж байна.

Монгол Улс тусгаар улс. Өөрийнхөө хуулийг ягштал мөрдөх ёстой. Түүнээс гадны санхүүгийн байгууллагын шахалтаар ийм нөхцөл байдлыг үүсгэж, хууль зөрчиж болохгүй. Тухайлбал, Төрийн албан хаагчдын цалингийн тухай асуудлаар Төрийн албаны хуулийн 28.4.5-д заасанаар төрийн албан хаагчдын албан дундаж цалингийн хэмжээ хувийн хэвшилд ажиллагсдын адилтгах албан тушаалын цалингийн дунджаас тав буюу түүнээс хувиар бага болсон тохиодолд албан тушаалын цалингийн сүлжээ жишгийг нэмэгдүүлэх саналыг төрийн албаны төв байгууллага хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн төв захиргааны байгууллагатай хамтран боловсруулж, төсвийн хүрээний мэдэгдэл хэлэлцэхийн өмнө УИХ-д танилцуулж, зохих журмын дагуу шийдвэрлүүлнэ гэсэн хуультай.

Харамсалтай нь энэ хуулийг зөрчөөд ОУВС-ийн шахалтаар цалин нэмэх боломжгүй байна гэж байгаа нь буруу. Цалингийн тооцооллын тухайд тав буюу түүнээс хувиар бага болох гэсэн хуулийн заалт зөрчигдөөд өнөөдрийн байдлаар нийт 188 мянган төрийн албан хаагчдын цалин улсын дунджаас 24.8 хувийн зөрүүтэй болсон байна. Тиймээс ирэх оны төсвөөс элдэв үр, ашиггүй, тооцоо судалгаагүй, зардлыг танаж, төрийн албан хаагчдын  цалинг 10 хувиар хуулийн дагуу нэмэх шаардлагыг  бид тавина. Гадны санхүүгийн байгууллагын өмнө Монгол Улсын хууль хүчгүйдэж болохгүй. Өвөлжилт хүндрэх тийшээ хандаж байгаа энэ нөхцөлд төсвөө энэ долоо хоногтоо багтааж батлах шаардлагатай гэж Ардчилсан намын бүлэг үзэж байгаа. 

З.Нарантуяа:Үр ашиггүй зардлаа танаж, хүүхдийн мөнгийг 100 хувь олгох хэрэгтэй

 
Гэрэл зургийг mpa.mn

2018 оны төсвийн бодлогын ач холбогдол юу вэ гэдэгт дүн шинжилгээ хийх хэрэгтэй байна. Бид 2.7 их наядын орлого олоод, нэг их наяд гаруйг нь нийгмийн даатгал халамжид зарах гэж байгаа. Манай улсын төсвийн бодлого нийгмийн хамгаалал халамж тал руугаа илүү их зарцуулагддаг. Гэтэл хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд 65 тэрбум, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд 70 гаруй тэрбум төгрөг л тавьж байгаа. Уг нь төсвийн бодлого, мөнгөний бодлогын цаад эцсийн зорилго нь өөрөө ажлын байрыг олноор нэмэх, иргэдийг өөрийнхөө хөдөлмөрөөр амьдрах боломжийг нь дэмжихэд чиглэсэн байх ёстой.

Гэтэл энэ удаагийн төсвийн бодлого энэ шинжийг агуулаагүй учир шүүмжлэлтэй хандаж байгаа. Ялангуяа Монголбанкны мөнгөний бодлого инфляцийг найман хувь байлгаж буй. Тиймээс нэг удаагийн урамшуулалд өгч байгаа 55 тэрбум төгрөг инфляцийн  найман хувийг хасаад тооцохоор энэ нь иргэдийн амьдралд доривтойгоор нэмэр болохгүй. Тиймээс асуудлыг цогцоор нь авч үзэх хэрэгтэй.

Төсвийн  хөрөнгө оруулалтыг эргээд харахаар хөрөнгө оруулалт бүрийн  үр ашиг өгөөжийг нь тооцоод үзэхээр эдийн засагт нэмэр болох нь  маш бага.  Харин зардал нэмдэг  хөрөнгө оруулалт нь их болсон учир үүнийг томоор нь эргэж харах хэрэгтэй.  Тиймээс төсвийн үр ашиггүй зардлаа танаж, хүүхдийн мөнгийг 100 хувь олгох хэрэгтэй.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Ерөнхийлөгчийн хориг хүүхдийн мөнгө,  хөрөнгө оруулалт руу чиглэгдсэн юм уу?

Д.Эрдэнэбат: Төсвийн тодотгол Төсвийн тухай хуулийг зөрчсөн. Ерөнхийлөгч нэг л  санаа хэлсэн байгаа. Энэ нь хууль дээдлэх зарчим алдагдсан байгаа учир хориг тавьж байна гэснээс хүүхдийн мөнгө өгч болохгүй, төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг өгөх нь буруу гэсэн үг үсэг байхгүй. 

-Төрийн албан хаагчдад урамшуулал тараахын оронд цалинг 10 хувиар нэмэхийг дэмжиж байгаа юм уу?

З.Нарантуяа: Зөвхөн эмч, багш нар биш нийт 180 мянган төрийн албан хаагчдын цалинг 15 хувиар өсгөхөөр 235 тэрбум төгрөг хэрэгтэй. Тиймээс улсын эдийн засаг үүнийг шууд гаргахаар хүнд гэдгийг ойлгож байгаа. Харин 10 хувь нэмэхэд 156 тэрбум төгрөг хэрэгтэй. Тиймээс 2017 төсөв  55 тэрбум, 2018 оны төсөв 55 тэрбумыг тусгаж, урамшуулал маягаар оруулахын оронд нийт төрийн албан хаагчдын цалинг 10 хувь нэмэх бодит боломж байгаа. 

-Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих нэрээр гишүүдэд 72 тэрбум төгрөг хуваарьлаж өгч байгаа гэх хардлага байна?

Д.Эрдэнэбат: Сангийн сайдын хэлсэнчлэн гишүүдэд тэрбум, тэрбумыг хуваарилах гэж байна гэдэг ярианаас үүдээд жижиг дунд үйлдвэрлэлийн сангийн тухай асуудал дээр бид онцгой хяналт тавих шаардлагатай байна. Энэ бол хамгийн буруу жишиг. Жижиг дунд үйлдвэрлэлийн сангаар дамжиж байгаа мөнгө ажлын байрыг бий болгохоос гадна Bонголын үйлдвэрлэлийн бүх зүйл жижиг дунд үйлдвэрлэлээр хийгдэж байгаа. Тиймээс дахин хэлэхэд энэ асуудлыг онцгой анхаарна. 

 

Эх сурвалж: УИХ дахь АН-ын бүлгийн ХМА