Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

Саудын Араб баривчлагдсан язгууртнуудаа таван одтой зочид буудалд хорьжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Бямба гарагт Саудын Арабын шинээр байгуулагдсан авлигатай тэмцэх байгууллага тус улсын язгууртны гэр бүлийн хүмүүс болон төрийн өндөр албан хаагчдыг баривчилсан нь хуучинсаг хаант улсад ховор үзэгдэл болсон билээ.

Бямба гарагийн орой 23:00 цагт тус улсын нийслэл Рияад хотын Ritz-Carlton зочид буудлын бүх үйлчлүүлэгчдийг гаргаж, суллах ажиллагаа явагджээ. Ирсэн зочдыг автобусаар бусад зочид буудлууд руу шилжүүлэн байрлуулсан байна.

Харин үүний дараа Саудын Арабын түүхэнд хамгийн дээд ангиллын хоригдлуудыг энэхүү таван одтой зочид буудалд хүргэж байрлуулжээ. Ням гарагийн өглөө болоход 30 гаруй хүн зочид буудалд хоригдсон нь бүгд авлигын хэрэгт баривчлагдсан Саудын Арабын дээд зиндааны хүмүүс байсан юм.

Тэдний дотор эзэн хаан Салмантай цусан төрлийн язгууртнууд ч байжээ. Тиймээс таван одтой зочид буудлыг дэлхийн хамгийн тансаг шорон болгон хувиргасан байна.

Авлигын хэрэгт сэжиглэгдсэн хүмүүсийг баривчлах зарлигийг хаан Салман гаргасан бол зарлигийг хэрэгжүүлэх ажлыг түүний албан ёсны угсаа залгамжлагч, ханхүү Мохаммед Бин Салман гүйцэтгэжээ.

Гэхдээ залуу ханхүү аюулгүй байдалдаа санаа тавих хэрэгтэй болж байгаа гэнэ. Арабын олон овог аймгуудад хуваагддаг тус улсад овог аймгийн тэргүүнүүдийг доромжлох нь аюултай үр дүнд хүргэдэг түүхтэй.

Саудын Арабыг анх үүсгэн байгуулсан удирдагч Абдулазиз Аль Саудын үр сад эдгээр овог аймгуудыг захирдаг юм.

Тэдний нэгийг шоронд хорих, дорд үзэх төдийд овог аймгийн хооронд асуудал үүсэх магадлалтай.

Гэвч зарим судлаачид хуучны овог аймгийн харилцаа өнөөгийн Саудын Арабт суларсан тул ийм хэвийн бус үзэгдэлд ноцтой хариу үйлдэл үзүүлэхгүй гэж үзэж байна. Эмиратийн их сургуулийн улс төрийн ухааны профессор Абдулхалек Абдулла “Бүх хүнтэй тэгш харьцах соёл Саудын Арабт нэгэнт бүрэлдэн тогтсон. Хэрвээ хан хөвгүүд буруутай нь тогтоогдвол шоронд орох ёстойг бүгд ойлгож байгаа. Ингэвэл Саудын иргэд харин ч баярлах байх” гэж ярьжээ.

“Дэлхий дээр 300 сая гаруй араб амьдарч байгаа. Тэдний дотор овог аймгийн үзэл үлдсэн гэж би бодохгүй байна. Дэлхийн аль ч улсын дунд давхаргынхантай адил сэтгэдэг нийгмийн том давхарга Саудын Арабт бий. Тэд хэн бүхнээс илүүтэйгээр 21 дүгээр зууны Саудын Арабыг хүсэн хүлээж байгаа” гэж тэр бас хэлсэн юм.

 

Эх сурвалж: The Guardian