Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Амгаланбаатар: МҮЭХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд гурван хүн албан ёсоор нэр дэвшсэн

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 11 сарын 7
iKon.MN

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны XXII их хурал 11 дүгээр сарын 8,9-нд болох гэж байна. Их хурлаар МҮЭХ-ны гишүүд Ерөнхийлөгчөө сонгох юм. Сонгуульд МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн Холбооны дарга Б.Мягмар, МҮЭХ-ны гишүүн С.Гэрэлмаа нар нэр дэвшиж байгаа аж.

Энэ талаар Х.Амгаланбаатар, Б.Мягмар нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

 
Гэрэл зургийг MPA.mn

Х.Амгаланбаатар “МҮЭХ-ны XXI их хурлаас дөрвөн жилийн өмнө би Ерөнхийлөгчөөр сонгогдож, хүндтэй хариуцлагатай албанд томилогдсон. Маргааш эхлэх XXII их хуралд 36 гишүүн байгууллагын 2,300 орчим гишүүн оролцохоор Улаанбаатар хотноо хүрэлцэн ирсэн бөгөөд хурал эхлэх бэлтгэл хангагдаад байна.

Өнгөрсөн Баасан гараг буюу 11 дүгээр сарын 13-ны 17 цаг 30 минутаар тасалбар болгож, МҮЭХ-ны ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэх үйл ажиллагаа албан ёсоор зогссон. Ийнхүү гурван нэр дэвшигч албан ёсоор нэрээ дэвшүүлсний нэг нь би юм.

Нэр дэвших үйл ажиллагаа эхлээд албан ёсоор ажлын нэг өдөр ч болоогүй байхад рейтингийн судалгаа гэж хаанаас гаргасан нь тодорхойгүй мэдээллийг олон нийтийн зарим сонин, сүлжээгээр тарааж байна. Энэ нь гишүүдийн сонголтоо хийх эрхэнд бүдүүлгээр халдаж байгааг мэдэгдье.

Мөн манай байгууллагын үйл ажиллагаа болон гишүүдийн талаар худал мэдээллийг тарааж байна. Ялангуяа 60 тэрбумын асуудалд МҮЭХ-ны гишүүдийг хамруулж, арга ядсан сурталчилгаа хийж байна. Гарч буй мэдээлэлтэй холбоотой бид ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газар, Харилцаа Холбооны Зохицуулах Хороонд шалгаж өгөх хүсэлт гаргасан” гэв.

"Миний ард ямар ч улс төрийн хүчин байхгүй"
 
Гэрэл зургийг MPA.mn

Б.Мягмар “Үндсэндээ хоёр өдөр би холбооны гишүүдэд өөрийн мөрийн хөтөлбөрөө танилцуулах шаардлагатай болсон. Тэгш гараанаас эхлээгүй шалтгаан бол XXII их хурлын мэдээлэл хаалттай, ил тод биш байна. Ялангуяа их хурлын 285 төлөөлөгчийн нэрийг нэр дэвшигчдэд өгөхгүй байгаа.

МҮЭХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа миний бие улс төрийн хүчнээс ангид байдаг. Би анхан шатнаас эхлээд 16 жилийн турш ҮЭ-ийн сонгуульт ажил хийсэн. Үүнээс сүүлийн 8 жил Эрүүл мэндийн салбарын ҮЭХ-ны даргын ажлыг хийж гүйцэтгэж байгаа. Энэ хугацаанд салбарын ажилтнуудынхаа хөдөлмөрлөх эрх, нийгмийн баталгааг сайжруулахын төлөө тууштай тэмцэж, манлайлж ажилласан байгаа.

Үүнийг харлуулах гэсэн мэдээ мэдээллийг цацаж байгаад туйлын их харамсаж байна. Миний ард ямар ч улс төрийн хүчин байхгүй. Мөн миний алдар хүндэд халдаж байгаа мэдээлэлтэй холбоотой холбогдох байгууллагад хандаж нэр төрөө сэргээх болно. ҮЭ-ийн ажил бол хамтын ажил. Бүх шатандаа хамтын шийдвэр гаргадаг. Цалин нэмэх тэмцэл бол хамтын шийдвэрээр хийгдсэн ажил. Энэ тэмцэл маань тодорхой үр дүнд хүрсэн. Надад Эрүүл мэндийн салбарынхан даалгавар өгсөн. Тэдний даалгаврын дагуу нэр дэвшиж өрсөлдөж байгаа гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье” гэв.