Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарт 35,000 хүний суудалтай Цэнгэлдэх хүрээлэн бариулах санал тавилаа

Т.Саран, iKon.mn
2017 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд БНХАУ-ын “ЧинЖэн” группийн ерөнхийлөгч Ли Жан Сун тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. 

Гэрэл зургийг mpa.mn

Уулзалтад НИТХ-ын төлөөлөгч бөгөөд “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга Н.Батсүмбэрэл, “ЧинЖэн” группийн  дэд ерөнхийлөгч Ван Шоу Юу болон бусад албаныхан оролцов. Тэд тус компанийн Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл солилцож, олон улсын жишигт нийцсэн шинэ Цэнгэлдэх хүрээлэн барих ажилд хамтарч ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд “ЧинЖэн” руппыг 2008 оны Бээжингийн олимпийн “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэн барьсан гэдгээр нь хүмүүс мэднэ. Барилга болон зам гүүрийн талаар үйл ажиллагаа явуулдаг компани гэж дуулсан юм байна. 

1.3 сая хүн амтай Улаанбаатар хотод олон улсын чанартай спортын тэмцээн, уралдаан зохион байгуулах зайлшгүй шаардлагатай байгаа. 

Улаанбаатар хотод 2020 онд Азийн хүүхдийн спортын их наадам, 2023 онд Азийн залуучуудын спортын их наадам болно. Үүнээс өмнө 35 мянган суудалтай цэнгэлдэх хүрээлэн барих асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа юм.

Мөн танай группыг театр соёлын төвүүд барьж байсан туршлагатай гэж дуулсан. Улаанбаатарт концертын танхим хэрэгтэй. Эдгээр ажлуудыг Засгийн газартай зөвшилцөн концессын гэрээгээр хийнэ. Мөн БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл тусламж байгаа” гэлээ. 

Барилгын салбарт  хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийх зорилго бүхий “ЧинЖэн” нь 1952 онд байгуулагджээ. 

Гэрэл зургийг mpa.mn

“ЧинЖэн”​ группын ерөнхийлөгч Ли Жан Сун “Манай групп нь БНХАУ-ын 30 хот, олон улсад 30 охин компанитайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Монгол Улсын хөгжил дэвшилд өөрсдийн хувь нэмрээ оруулах хүсэлтэй байгаа. 

Бид ажлын хэсэг байгуулан Улаанбаатар хотод Цэнгэлдэх хүрээлэн барих асуудлыг нарийн судална. Үүний дараа дахин албан уулзалт хийж, энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэх болно” гэв.

“ЧинЖэн” групп нь 1952 байгуулагдсан, барилга, үл хөдлөх хөрөнгө, хөрөнгө оруулалт, логистик, зураг төслийн зөвлөх зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын ТОП 500 аж ахуйн нэгжийн нэг аж.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс