Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Гантөмөр: 1,000 орчим ажилтан, албан хаагч цас цэвэрлэхээр ажиллаж байна

Б.Номин, Үндэсний шуудан
2017 оны 11 сарын 7
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Улаанбаатар хотын Ерөнхий Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөс тодрууллаа.

-Нийслэлийн хэмжээнд цас хайлуулах давс, тусгай зориулалтын бодис хэр хүрэлцээтэй байгаа вэ?

-Одоогоор 1,700 гаруй тонн тусгай зориулалтын бодис 3,000 орчим тонн давс байна. Өнгөрсөн жилийнхтэй ижил хэмжээний давс буюу хангалттай хэмжээний нөөц бүрдүүлсэн. Магадгүй цас олон удаагийн давтамжтай орвол дахин төсвийн тодотголоо хийж, шаардлагатай төсөв мөнгөө авна.

Ямар ч байсан өнгөрсөн жилтэй адил 2-3 өдөр дараалан цас орвол шаардагдах 1,700 тонн бодис, 3,000 тонн давс байгаа. Эдгээр нь Улаанбаатар хотын 324 км урттай дөрвөн сая метр квадрат талбай бүхий зам, замын байгууламжид хангалттай хүрнэ.

-Цас цэвэрлэх машин, техникийн хувьд хүртээмж ямар байгаа юм бол?

-Нийслэлийн хот тохижилтын газарт цас түрэх зориулалт бүхий шоткотой 11 автомашин байгаа. Мөн ийм автомашин дүүрэг бүрд 1-2 байна. Хувийн хэвшлийн дөрвөн компани бий. Эдгээр байгууллагад энэ чиглэлийн 2-3 машин байгаа. Улаанбаатар хотын зам, замын байгууламжийг цэвэрлэх, цас түрж цэвэрлэх нийт 23-24 машин байна.

Мөн давс бодисоо асгах тусгай зориулалтын камаз, бонго автомашинууд хот тохижилтын газарт 12 ширхэг бий. Бусад хувийн хэвшлийн байгууллагад нэг, нэг байгаа. Нийт давс цацах, хөрдөх 30 орчим автомашин байна. Хот тохижилтын газар нь 600 гаруй ажилтантай. Одоогийн байдлаар дүүрэг, хувийн хэвшлийн нийлсэн 1,000 орчим ажилтан ажилдаа гараад байна.

-Давснаас өөр зүйлээр орлуулах боломж байгаа юу. Хайрга, шороо гэх мэт зүйлийг ашиглах боломж байна уу?

-Манайд шөнөдөө маш хүйтэн хонодог. Тиймээс бид ОХУ-ыг сайн чанарын тусгай зориулалтын, хайлуулдаг бодис авдаг. Харин Хятад Улсын тусгай зориулалтын бодис нь хүч муу, өвлийн хүйтэн цагаар хайлуулах, концентрациа барих хэмжээндээ хүрдэггүй. Тиймээс бид ОХУ-аас тусгай зориулалтын бодисыг холбогдох шаардлагын дагуу тендер зарлан авсан. Өнгөрсөн наймдугаар сарын эхээр 902 тонн бодис авчирсан.

Хот тохижилт, дүүргийн болон хувийн хэвшлийн ТҮК-д хариуцсан зам талбайн хэмжээгээр хуваарилаад өгчихсөн байгаа. Эдгээр байгууллагууд складандаа нөөцөлж, тохируулгын машинууддаа хийсэн байгаа. Хэрэв машины тохируулгыг сайн хийхгүй бол 100 хүрэхгүй метр газарт дөрвөн тонн тусгай зориулалтын бодисыг цацчихдаг юм. Тиймээс машины дугуйны эргэлт болон хэдий хэмжээний зам талбайн цас мөсийг хайлуулж, зөөлөн ялзмаг, халтиргаа гулгаа үүсгэхгүй байх вэ гэдгийг тохируулдаг.

-Аж ахуйн нэгжид ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Засгийн газрын тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамж, Зөрчлийн тухай хууль, Хариуцлагын тухай хуулиар аж ахуйн нэгж хариуцсан зам талбайгаа цэвэрлэхгүй бол бид Мэргэжлийн хяналтын газартай хамтран газар дээр нь шууд торгоно. Энэ бол байгууллагын өөрийн үүрэг.

Зураг