Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

Саори Ёшидагийн тэмцээнээс Монголын охид долоон медаль хүртжээ

Д.Энхтүвшин
2017 оны 11 сарын 7
MorninigNews.mn
Зураг зураг

Чөлөөт бөхийн олимпийн гурав, дэлхийн 13 удаагийн аварга, Азийн наадмын дөрвөн удаагийн аварга, Японы домогт бөх Саори Ёшидагийн нэрэмжит “Yoshida cup” өсвөр үеийн Олон улсын тэмцээн энэ сарын 3-4-нд түүний төрсөн нутаг Миэ мужийн Цүй хотод болж өнгөрөв.

Манай улсаас Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Түмэндэмбэрэлийн Сүхбаатар, Баянхонгор аймгийн дасгалжуулагч Совдын Мөнхдуулдах нарын удирдлага дор 20 гаруй тамирчин оролцсоноос нэг алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл, нийт долоон медаль хүртжээ.

Тодруулбал, охидын ангилалд "Женко” клубийн тамирчин Б.Марал алт, тус клубийн Э.Одзаяа, энэ жилийн өсвөр үеийн Азийн аварга, Баянхонгор аймгийн тамирчин Ө.Пүрэвсүрэн нар мөнгө, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медаль, Баянхонгор аймгийн тамирчин Б.Хонгорзул өнгөрсөн жилийн тус тэмцээний аварга “Женко” клубийн тамирчин Д.Отгонжаргал, 2015 оны аварга тус клубийн тамирчин М.Мөнхгэрэл, “Хөх эрчис” клубийн тамирчин М.Түмэн-Өлзий нар хүрэл медалийн эзэн болжээ. Эднээс М.Мөнхгэрэл, Б.Хонгорзул, Э.Одзаяа нар гурван жил дараалан медаль зүүсэн бол Ө.Пүрэвсүрэн, Д.Отгонжаргал хоёр, Б.Марал, М.Түмэн-Өлзий нар анхны медалиа хүртэв.

Гурав дахь удаагийн тэмцээнд Монгол, Япон, Франц, Канад, АНУ, Норвеги гэсэн зургаан орны 900 гаруй тамирчин оролцсон нь тэмцээний нэр хүнд цар хүрээг илтгэж байгаа юм. Тэмцээний дараа алдарт бөх Саори Ёшида өөрийнх нь нэрэмжит тэмцээнд жил дараалан амжилттай оролцож байгаа Монгол Улсын тамирчин дасгалжуулагчидтай уулзаж баяр хүргэжээ.

Монгол Улсын өсвөрийн бөхчүүд энэхүү тэмцээнд гурав дахь удаагаа оролцож байгаа бөгөөд энэ удаа “Женко”, “Хасу-Мегастарс’’, Багануур дүүргийн “Хөх эрчис" клуб, Баянхонгор аймгаас бүрдсэн нийт 22 өсвөрийн тамирчин Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Түмэндэмбэрэлийн Сүхбаатарын удирдлага дор оролцсон юм.

Зураг