Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Утааны эсрэг ээж аавууд" энэ сарын 10-нд жагсана

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Энэ жил Утааны эсрэг ээж аавууд ТББ агаарын бохирдлыг бууруулах чиг үүрэгтэй төрийн байгууллагуудын гадаа цуврал жагсаал хийхээр болсон талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тодруулбал, эхний жагсаал энэ сарын 10-нд цайны цагаар буюу 12:00-14:00 цагийн хооронд Хотын захиргааны гадаа болох юм. Тэд Хотын даргыг Утааг арилгах ажлаа эрчимжүүлэхийг шаардаж жагсах аж.

Харин хоёр дахь жагсаалыг арваннэгдүгээр сарын 17-нд Агаарын бохирдлыг бууруулах газрын гадаа, гурав дахь жагсаалыг арваннэгдүгээр сарын 24-нд Хүний эрхийн үндэсний комиссын гадна талбайд зохион байгуулахаар төлөвлөжээ.

"Утааны эсрэг 2.8 тэрбум төсөвлөсөн нь дэндүү хангалтгүй байна"
 
Гэрэл зургийг mpa.mn

"Утааны эсрэг ээж аавууд" ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү "Нийслэлийн зүгээс 2018 онд 2.8 тэрбум төгрөгийг агаарын бохирдолтой тэмцэхэд зарцуулж байгаа нь дэндүү хангалтгүй төсөв гэж бид үзэж байна.

Гэр хороололд дэд бүтэц барих ажил дэндүү удаан байна. Төлөвлөгөө ёсоор 2017 оны арваннэгдүгээр сар гэхэд гэр хороолол 5,000 айлыг дэд бүтцэд холбочихсон байх ёстой. Гэтэл төсөл нь удааширсаар одоо хүртэл газар чөлөөлөлтийн ажил дээрээ  л явж байна. Гол шалтгаан нь Хотын дарга газар чөлөөлөх мөнгийг өмнө жил тавиагүйтэй холбоотой.

Хотын дарга Сөүлийн орон сууцны корпорациас 100 тэрбум вонны хөрөнгө оруулалт аваад орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлнэ, түрээсийн  6,000 орон сууц барина, гэр хорооллын дахин төлөвлөлтөөс хохирсон иргэдийг түрээсийн орон сууцад оруулна гэж амласан. Харамсалтай нь, нүдэнд харагдаж гарт баригдах бодит бүтээн байгуулалт алга байна.  

Нийслэлд  2017-2020 онд 100 ширхэг сервис центр байгуулахаар төлөвлөсөн. Гурван жилийн дотор 100 сервис центр гэдэг нэг жилд 33-ыг барихаар байгаа юм.  Гэтэл одоогоор 5 сервис центрийн эхлэл л тавигдсан. 33-ыг нэг жилд барина гэчхээд тавыг л эхлүүлээд орхиод байвал хэзээ хэрэгжиж утааг бууруулах вэ?

Энэ мэт гэр хорооллын дэд бүтцийн асуудал шийдэгдэхгүй байгаа учраас барилга, орон сууц барих ажлууд ч хойшилж байгаа юм. Тиймээс энэ мэт ажлуудаа шуурхай зохион байгуулахыг нийслэлийн удирдлагуудаас шаардах болно” гэв.

“Ногоон зээлийн сан”-гийн үйл ажиллагаа хангалтгүй байна
 
Гэрэл зургийг mpa.mn

“Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ын зохицуулагч Т.Мандахжаргал "Ногоон зээлийн сан” иргэдэд маш их хүлээлт үүсгэж байгаа. Үүнд байшин, гэрээ дулаалах, цахилгаан халаагуурт шилжих зээлүүд олгогдож байгаа.

Арилжааны банкууд иргэдэд 17-19 хувийн хүүтэй Ногоон зээл олгож байгаа. Нэг айл байшингаа дулаалж, цахилгаан халаагуур худалдан авах, хоёр тарифтай тоолуур, цахилгааны утас авахад дор хаяж 10 сая төгрөгийн зээл авах шаардлагатай байгаа юм. Ингэж тооцвол иргэн 10 сая төгрөг аваад  гурван жилийн хүүнд 6 сая төгрөг төлөх болно. Энэ бол маш өндөр хүү.

Харин гадаад орнуудын Ногоон зээл маш бага хүүтэй байдаг. Тухайлбал, Герман улсын хувьд л гэхэд жилд 1.7 хувийн хүүтэй байна, сарын 0.04 хувь гэсэн үг. Тиймээс төр, засгаас ногоон зээлийн хүүг бууруулах чиглэлд анхаарах шаардлагатай байна” гэлээ.

Улаанбаатарын цэцэрлэг, сургуулиудад 3,500 орчим агаар цэвэршүүлэгч хэрэгтэй байна
 
Гэрэл зургийг mpa.mn

“Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ын гишүүн В.Оюунбаатар "Өнгөрсөн жил Нийслэлийн Засаг дарга С.Батболд ХУД-ийн Нэгдсэн эмнэлгийн дэргэд 150-200 ортой хүүхдийн эмнэлэг барина гэж бидний эхний жагсаалын дараа амласан. Одоогийн байдлаар тэнд ширхэг тойпуй ч өрөгдөөгүй.

Тэр бүү хэл нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийнх нь цонхны резин нь хуучраад суларчихсан салхи сийгээд хандив гуйж байна. Мөн нийслэлээс эмнэлгийн хүүхдийн тасаг, цэцэрлэг, сургуулийн бага ангиудад агаар цэвэршүүлэгч тавихаар ажиллаж байгаа. Энэ жил 200 ширхэг агаар цэвэршүүлэгчийг тавьсан гэж бидэнд ирүүлсэн албан бичигт дурдсан байгаа.

Улаанбаатарт агаар цэвэршүүлэгч хэрэгтэй байгаа бага анги, цэцэрлэг, эмнэлгийн тасаг нийт 3,500 орчим гэж бид багцаалдаж байгаа. Хотын захиргаа жилд 200 ширхэг агаар цэвэршүүлэгчээр хангах хурдаар ажиллана гэвэл 17 жилийн дараа л хүүхдүүд агаар цэвэршүүлэгчтэй болж дуусах нь. Тэгэхээр жилд 200 гэдэг дэндүү хангалтгүй байна. Энэ тоогоо нэмэхийг Хотын даргаас шаардаж байна" хэмээн ярилаа. 

Засгийн газар энэ оны гуравдугаар сард Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг баталсан. 2025 он хүртэл хэрэгжих энэхүү хөтөлбөрт 9.9 их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөсөн юм. Өөрөөр хэлбэл, жилд 1 их наяд 124 тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулна. Гэтэл энэ оны нийслэлийн төсөвт ердөө 28 сая төгрөг төсөвлөснийг “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ын байгууллагын гишүүд шүүмжилж байлаа.

Мөн "Утааны эсрэг ээж аавуудын" зүгээс дугуйчид, уулчдын клубуудыг цэвэр агаарын төлөөх иргэдийн дуу хоолойгоо нэгтгэх энэхүү жагсаалд нэгдэхийг уриалж байлаа.