Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Охидын бэлгийн хүчирхийллийн эсрэг бидэнд нэг санал байна"

Т.Саран, iKon.mn
2017 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Охидын бэлгийн хүчирхийллийн эсрэг бидэнд нэг санал байна" сэдвээр Нийгэм, сэтгэл судлалын дээд сургуулийнхан өнөөдөр мэдээлэл хийлээ. 

298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн

Нийгэм, сэтгэл судлалын дээд сургуулийн нийгмийн ажил, зөвлөх үйлчилгээний багш докторант Б.Жаргал "Манай улсад охидын эрхийг ноцтойгоор зөрчиж буйн нэг илрэл нь бэлгийн хүчирхийлэл юм. Судалгаанаас үзэхэд сүүлийн жилүүдэд бэлгийн хүчирхийлэлд өртөж буй бага насны охидын тоо эрс нэмэгдэж байна.

Цагдаагийн байгууллагаас гаргасан судалгаагаар 2012 оны эхний 10 сарын байдлаар насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг 37 бүртгэгдсэн бол, 2013 оны эхний 10 сарын байдлаар 54 хэрэг, 2015-2016 онд улсын хэмжээнд 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх тоон мэдээлэл байгаа юм.

Энэ бол зөвхөн бүртгэгдсэн тоо. Ийм гэмт хэргийн дийлэнхийг гэр бүл, төрөл садангийн хүмүүс үйлдэж хохирогчид нь 5-17 насны охид байдаг гэсэн судалгаа байна. Тэгвэл охидын бэлгийн хүчирхийллийн эсрэг Нийгэм, сэтгэл судлалын дээд сургууль нийгмийн хариуцлагын үүднээс юу хийж чадах вэ? гэж бид ярилцсан. Манайх Нийгмийн ажилтан, сэтгэл судлаач мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг сургууль.

Ингээд бид тодорхой нэг дүүрэг буюу өөрийн сургуулийн оршин байгаа БГД-ийн хороодын гэр бүл, хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг хамтарсан багийг чадавхжуулах сургалт, зөвлөгөөг хамтарч хийе гэсэн шийдэлд хүрсэн. ЕБС-ийн нийгмийн ажилтнаас мэдээлэл хүлээн авч эрсдэлтэй нөхцөл байдалд байгаа охидод ганцаарчилсан зөвлөгөө өгнө" гэлээ. 

Сургуулиудад нийгмийн хариуцлагаа биелүүлээч гэж уриалж байна 

 
Гэрэл зургийг mpa.mn

Нийгэм, сэтгэл судлалын дээд сургуулийн сэтгэл судлалын багш докторант Б.Батцэцэг "Манай улсад нийгмийн ажилтан мэргэжлээр сургадаг 13 их дээд сургууль, Сэтгэл зүйч бэлтгэдэг 8 их, дээд сургууль байна.

Бидний энэ санаачлагыг дэмжин сэтгэл судлаач нийгмийн ажилтан бэлтгэдэг сургуулиуд тус бүрдээ нэг нэг дүүрэгт ажиллаач, эрсдэлд өртөх магадлалтай, өртсөн охидод сэтгэл зүйн зөвлөгөө өгөөч, тэдний гэр бүлтэй хамтран ажиллаж, нийгмийн хариуцлагаа биелүүлээч гэж уриалж байна. 

Бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидод сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөө өгнө. Олон нийтийг гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан гэр бүл, хүүхдийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн болон сэтгэл зүйн зөвлөгөөний цуврал нэвтрүүлгүүдийг хамтран зохион байгуулъя, шууд нэвтрүүлэгт утсаар зөвлөгөө, мэдээлэл өгөхөд бид бэлэн байна" гэв.