Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

“Самурайнууд” яагаад Хойд Солонгосын пуужинг амдаж устгаагүйг Трамп асуужээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Японд албан ёсны айлчлал хийж байгаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн саруудад Хойд Солонгос Хоккайдо арлыг давуулан пуужин харваж турших үед Токио яагаад амдаж устгаагүйг асуусан тухай дипломат эх сурвалж мэдээлжээ.

Өнөөдөр Токиод эхлэх Трамп, Абэ нарын яриа хэлэлцээрийн нэг чухал сэдэв нь Хойд Солонгосын цөмийн зэвсгийн асуудал байх юм.

Трамп айлчлалынхаа өмнө Японы ерөнхий сайдтай уулзахдаа, эсвэл утсаар ярихдаа “эрэлхэг самурай нарын эх орон чухам яагаад Хойд Солонгосын пуужинг далайд унахаас нь өмнө амдаж устгаагүйг” гайхан асууж байсан гэнэ.

Олон улсын эдийн засгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлсний хариуд Хойд Солонгос наймдугаар сарын 29, есдүгээр сарын 15-ны өдрүүдэд хоёр удаа Японы арлыг давуулан Номхон далайн усанд пуужин харвасан юм.

Гэвч Японы Өөрийгөө Хамгаалах Хүчин пуужинг устгаж гэж оролдоогүй нь түүнийг хөөрөх үед хийсэн тооцооллоор Японы газар нутагт тусахгүй болохыг мэдсэнээс үүдэлтэй гэж тайлбарлаж байв.

Мөн үүнээс гадна пуужингийн хурд, өндөр зэрэг нь түүнийг устгахад хэцүү, магадгүй Японы эсэргүүцэх системүүдийн чадал хүрэхгүй байх магадлал өндөр байсан юм.

Хэрвээ устгах гэж оролдоод бүтэлгүйтвэл Японы нэр хүндийг унагаж, Хойд Солонгосын дэглэмийг баярлуулах байв.

Үүнээс гадна ийм цохилт өгөхөд хууль эрх зүйн орчин тодорхойгүй байгааг тухайн үед батлан хамгаалахын сайд нь мэдээлж байсан юм.

Ази тивийн таван орноор хийх Трампын 12 хоногийн айлчлалын гол сэдэв нь Солонгосын хойгийн тогтвортой байдлын асуудал байх болно.

 

Эх сурвалж: Japan Times