2018/11/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,572.50₮
B28
УЛААНБААТАР
-9°
|
-13°
B34
УЛААНБААТАР
-8°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-19°
14:00
S28
-7°
15:00
S44
-7°
16:00
S44
-8°
17:00
S28
-9°
18:00
S28
-12°
19:00
S28
-13°
20:00
S28
-14°
21:00
S44
-15°
22:00
S44
-16°
23:00
S32
-17°
00:00
S32
-18°
01:00
S32
-19°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/06 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Дашням: Би хөлбөмбөгийн багийн эзэн болохыг багаасаа мөрөөдсөн

Б.Мөнхзул, Үндэсний шуудан
2017 оны 11 сарын 6
Үндэсний шуудан

“Хүмүүс” буландаа “МТ” группийн гүйцэтгэх захирал Г.Дашнямыг урьж ярилцлаа. Тэр Монголын хөлбөмбөгийн спортод барууны салхийг оруулахаар хичээж буй нэгэн. Хөлбөмбөг бол дэлхийн номер нэг спорт гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Дэлхийн улс орнууд хөлбөмбөгийн дотоодын лигтээ чухал ач холбогдол өгдөг. Лигийн шагналын сан өмнөхөөсөө нэмэгдсэн ч багуудын хөгжил яг л хэвээрээ гэх шүүмжлэл бий.

Тэгвэл энэ жилээс хэд хэдэн багийн менежмент, хөгжил эрс өөр болсон. Тоглогчтой хийж буй гэрээ нь нээлттэй болох эхлэлийг “Улаанбаатар сити” тавилаа. Хөлбөмбөг сонирхогчид үүнийг л хүссэн. Тиймээс бид “МТ” группийн гүйцэтгэх захирал, “Улаанбаатар сити” клубын эзэн, Монголын туялзуур сэлэмний холбооны ерөнхийлөгч, Лондоны “Челси”-гийн хөгжөөн дэмжигч Г.Дашнямыг онцолсон юм. Түүний гол сонирхол нь Монголд мэргэжлийн спортыг жинхэнэ утгаар нь нутагшуулах гэнэ.Ингээд ярилцлагаа хүргэе.

ХӨЛБӨМБӨГ БОЛ ЦЭВЭР БИЗНЕС

-Монголын хөлбөмбөгийн дээд лиг өндөрлөөд багагүй хугацаа өнгөрсөн ч дэд аварга болсонд баяр хүргэе?

-Баярлалаа. 

-Үнэнийг хэлэхэд танай багийг ийм өндөр түвшний амжилт үзүүлнэ гэж бодсонгүй. Амжилтад юу нөлөөлөв?

-Баг маань байгуулагдаад хоёр жил болох гэж байна. Ирэх оны гуравдугаар сард хоёр дахь жилтэйгээ золгох юм. Өнгөрсөн оны лигт наймдугаар байрт орсон. Хэрвээ ес, аравдугаар байр эзэлсэн бол доод лиг рүү унах байлаа. Ямар ч байсан дээд лигтээ тогтож үлдсэндээ баярласан. Ингээд лиг дуусмагц л 2017 оны лигийн бэлтгэлд бараг шууд орсон гэхэд болно. Алдаагаа ярилцахаас эхлээд бүх зүйлийг шинээр эхлүүлсэн. Манай хөлбөмбөгчдөд фитнесс дутмаг байдгийг олж харсан.

Улмаар өвөлжингөө фитнесс хийж, хүчний бэлтгэл хийлээ. Ер нь бол нэгдүгээр байрын төлөө л зүтгэсэн. Даанч чадсангүй. Гэхдээ чамлах амжилт биш юм. Нэг жилийн хугацаанд энэ нь том амжилт. Дээрээс нь холбооны цомын аварга болсон. Энэ  бас үнэхээр гоё мэдрэмж. Манай багийнханд маш их урам өгсөн. Миний хувьд хөлбөмбөгт маш их зүйл сурч байна. Цаашид ч сурах байх. Чамлахааргүй амжилт үзүүлсэн ч ирэх жил аварга болох зорилгоо биелүүлэхийн тулд багаа илүү сайжруулна. Уур амьсгал, дүрэм, сахилга бат, тамирчдын ур чадвар гээд бүх тал дээр анхаарал хандуулах юм.

Энэ жилээс анзаарсан гол зүйл маань манай лигт легионер тоглогч хэрэггүй юм байна гэдгийг ойлгосон. Монголын хөлбөмбөгийн холбооноос лигт 20-иод орны 39 гадаад тоглогч тоглож байна гээд рекламдлаа. Гэтэл тэд легионер биш байхгүй юу. Зүгээр л сонирхогчид. Өнөөдөр Монголд тоглож байгаа тэр гадаад нөхдүүд шиг ур чадвартай тоглогч манайд хангалттай олон бий.

Тэднээс илүү нь ч байна. Тиймээс цаашид багтаа гадаад тоглогч элсүүлэхгүй байх бодолтой. Үнэхээр шаардлагатай, орон зай дутагдаад байвал бид тамирчин шиг тамирчин авчирна. Тухайн улсынхаа шигшээ багт, эсвэл дээд лигт тоглодог тийм хөлбөмбөгчинтэй гэрээ хийж багтаа тоглуулах зорилготой. Түүнээс биш нэг орны бүр тав, зургаадугаар лигт тоглодог нөхрийг авчирч мөнгө зарлагадаад дэмий. 

-Наймдугаар байрнаас хоёрдугаар байр хүртэл огцом дэвшил гарахад нөлөөлсөн гол хүчин зүйл юу вэ. Магадгүй танай багийн тоглогчдын итгэл үнэмшил юм болов уу?  

-Ер нь бол ийм үйл явдал болсон. Би эхнээс нь ярья. 2016 онд би “Хангарьд Сити”-г 15 сая төгрөгөөр Ганбаатар гэж хүнээс худалдаж авсан юм. “Эф Си Улаанбаатар” багийн эзэн Б.Гантиг гээд найз маань намайг танилцуулж өгсөн. Ингээд багаа авлаа. Цаашлаад тамирчдаа сонгон шалгаруулсан. Маш олон хүн ирсэн, олон ч хүн тэнцээгүй, манай голланд дасгалжуулагчийн шалгуурт. Үүнээс гадна дээд лиг болон шигшээ багт тоглодог туршлагатай, ур чадвар сайтай олон хүнд санал тавьсан. Гэвч амархан итгээгүй. Ер нь итгэдэггүй юм билээ.

Тэднийг итгүүлнэ гэдэг амаргүй ажил байсан. Дор хаяж таван тоглогчид санал тавьж үзсэн. Тэд бол өнөөдрийн хувьд манай хөлбөмбөгийн од шүү дээ. Харамсалтай нь итгээгүй. Тухайн үед дөрвөн легионертой байсан тулдаа л дээд лигт тогтож үлдсэн. Итали хаалгачийн үүрэг маш их байлаа. Одоо гарааны бүрэлдэхүүнээс дөрөв нь л тоглож байна. Бусад нь манай багийн хувьд шинэ хүн. Лиг дуусах мөчид дөнгөж ойлголцож эхэлж байгаа юм.

Тэр үед баярласан зүйл нь дээд лигтээ тогтож үлдэж чадлаа. Үүнээс илүү амжилт үзүүлэх боломж хангалттай байсан ч маш олон алдаа гаргасан. Одоогоор гурав дахь дасгалжуулагчтайгаа ажиллаж байна. Мануэлиас өмнө голланд, испани мэргэжилтэнтэй ажиллаж байсан. Гэтэл энэ жилийн хувьд Монголын анхны мэргэжлийн хөлбөмбөгчин Мөрөн, мөн Түмэнжаргал, Оюунбаатар, Цэдэнбал, Сүндорж, Мижиддорж гэх мэт олон шилдэг тоглогч багтаа элсүүлснээр амжилт маань тодорхой түвшинд ахисан гэж боддог.

Мэдээж энэ хүмүүсийн итгэлийг олохын тулд гэрээ маань бодит байх ёстой. Хэчнээн сайн дасгалжуулагч байгаад ч бүрэлдэхүүнээ сайжруулахгүй бол хэцүү юм байна гэдгийг маш сайн ойлгосон доо. Ирэх жил ч гэсэн бүрэлдэхүүнээ илүү сайжруулахын тулд шинээр хэд хэдэн тамирчин авч байгаа. Цаг нь болохоор олон нийтэд зарлана даа. 

-Бүрэлдэхүүн сайжрахад нөлөөлсөн өөр нэг хүчин зүйл нь нээлттэй гэрээ гэж харж байна. Танай баг гаднын багуудын жишгээр гэрээгээ олон түмэнд нээлттэй байлгаж байгаа нь илүү анхаарал татаж, бас хөлбөмбөг сонирхдог олон хүний талархлыг хүлээлээ. Бас фанатын тоо ч эрс нэмэгдсэн. Хэдэн арван саяар үнэлсэн тоглогчдын ур чадварыг бид харахын тулд лиг үзэж байна шүү дээ. Миний харах өнцөгтэй та санал нийлж байна уу?

-Эхлээд бусдыг дуурайж байсан нь том алдаа байлаа. Өөрийн жишгээр явах ёстой гэдгийг ойлгоод бүх зүйлд нээлттэй хандах болсон. Ер нь бол бодсон зүйлээ энэ жилээс бодитоор хэрэгжүүлж эхэлсэн. Наанадаж хүмүүсийн нүдэнд одоо ил харагдаж байгаа гэрээ байна. Өөрөө бас хэллээ шүү дээ. Цэдэнбалд байр өглөө, дээрээс нь цалинжуулна. Мижиддоржид ч ялгаагүй. Бүгд гэрээн дээр ил тод байгаа учраас нуух шаардлагагүй.

Энэ нь тоглогчдод эрч хүч нэмж байна. Манай багийнхан хөлбөмбөгөөр хоолоо олж идэж байна. Өмнө нь хэзээ ч тийм байгаагүй. Хөлбөмбөг тоглоод, хажуугаар нь ажил хийдэг байсан. Тухайн хүний ур чадвар нэмэгдээд л байвал гэрээ улам сайжирна гэсэн үг. Хөлбөмбөгийн холбоон дээр манай багийн бүх зүйл нээлттэй. Энэ талаараа бол яалт ч үгүй Монголд анхдагч боллоо. 

-Ер нь бол Монголын хөлбөмбөгийн лигт тоглож байгаа бүх баг үүнийг хэрэгжүүлэх ёстой. Холбоо нь ч энэ тал дээр ажилламаар байна. Лигээ үзэгчтэй, илүү гоё болгохын тулд шүү дээ?

-Тэгэлгүй яах вэ. Яалт ч үгүй санал нийлж байна. Хөлбөмбөг бол зөвхөн хөгжөөн дэмжигч дээр л тогтдог. Хөгжөөн дэмжигч байхгүй бол хөлбөмбөг байхгүй, утгагүй. Ер нь аль спорт адилхан. Хэдхэн тамирчид, холбооны хүмүүсийн хооронд тэмцээн болоод өнгөрдөг байж болохгүй. Ялангуяа дэлхийн хамгийн олон үзэгчтэй, номер нэг спорт гэгдэх хөлбөмбөгт. Энэ бол олон нийтийн спорт болох ёстой.

Манай баг энэ тал дээр үнэхээр анхаарч ажиллаж байна. Анхаарсны хүчинд багийн хөгжөөн дэмжигч нэмэгдсэн. Тэдний ачаар лигт дээгүүр амжилт үзүүлсэндээ маш их баярладаг. Хөгжөөн дэмжигчгүй бол бид хэн ч биш байхгүй юу, яг үнэндээ. Тиймээс цаашдаа хамгийн олон хөгжөөн дэмжигчтэй болох зорилготой. Үүндээ ч итгэлтэй байна. 

-Хөлбөмбөгт Монголын нөлөө бүхий бизнесменүүдийн хүүхэд орж ирлээ. АПУ-гийн П.Батсайханы хүү Гантиг, “Ажнай”-н Б.Бат-Эрдэнийн хүү Билгүүн. Тэдний нэг нь бас яалт ч үгүй та болж байна. Хүмүүс үүнийг янз бүрээр харж байна. Баян айлын хүүхдүүд зугаагаа гаргаж байна гээд дургүйцсэн нүдээр хардаг нэгэн байхад эергээр олж харсан нь ч байх юм. Таны хувьд яагаад заавал хөлбөмбөгт хөрөнгө оруулалт хийх болов. Гадаадад бол ашигтай байж болох ч Монголын нөхцөлд одоохондоо үгүй. Ашигтай бизнес болохын тулд нэлээд жилийн хугацаа шаардах байх даа?

-Би амьдралынхаа ихэнх хугацааг европт өнгөрүүллээ. Москвад найм, Швейцарийн Женевт дөрөв, Английн Лондонд дөрвөн жил амьдарсан. Бүгд л хөлбөмбөгийн орон. Эндээс л эхэлсэн гэхэд болно. Багадаа ФИФА тоглоод л... Том болсон хойноо багийн эзэн болох юмсан гэсэн битүү мөрөөдөлтэй. Эсвэл хөлбөмбөгчин болно, үгүй бол клубтэй болно гэж боддог байлаа. Тэгээд л Лондонгоос нүүж ирээд мөрөөдлөө биелүүлье гэж зорьсон.

2008 онд Лондонд их сургуулиа төгсөөд гэр бүлийнхээ бизнест оролцохын тулд эх орондоо ирсэн. Ингээд шууд багтай болчихоогүй. Б.Гантиг бид хоёр дотны сайн найз. 2010 онд бид хоёр хоорондоо багтай болох тухай ярилцсан. Хоёулаа хөлбөмбөгт дуртай учраас баг байгуулъя гэдэг санаачилга гаргасан юм. Гэтэл 2011 оны нэг өдөр Гантиг над дээр ирээд “Би багтай болох шинжтэй. Эф Си Улаанбаатарын ерөнхийлөгч болж магадгүй юм шиг байна. Хоёулаа хамт явах уу” гэхэд нь зөвшөөрсөн.

 

Нэг жил гаруйн хугацаанд Гантигийн зөвлөхөөр явж байгаад өөрийн гэсэн багтай болох мөрөөдлөө биелүүлэх хүсэл маань улам бүр нэмэгдсэн. Тэгээд Гантигт өөрийн гэсэн 100 хувийн эзэмшлийн багтай болмоор байгаагаа хэлээд багаас нь гарсан. Ер нь “Хангарьд сити”-г авахад Гантиг нөлөөлсөн.  Багийн эзэн Ганбаатар гэж хүнтэй уулзуулаад бид хоёрын ч наймаа тохирсон учраас 15 сая төгрөгөөр худалдаж авснаар өөрийн гэсэн багтай болсон. Би тэр хүнийг сайн танихгүй учраас яриа хөөрөөгөө хийгээд, мөнгийг нь тоолоод өгсөн.

Ингэж өөрийн багтай болоод зогсохгүй найзуудаа Монголын хөлбөмбөгт оруулах талаар Гантигтай ярилцаж байгаа юм. Хоёулаа явж байгаад миний унаган багын найз “Ажнай”-н Б.Бат-Эрдэнэ ахын хүү Билгүүнтэй уулзсан. Би ятгах ажилдаа орж байгаа юм. “Чи 220 мянгатын унаган хүүхэд. Энүүгээрээ нэрлэсэн багтай болооч. Сонирхолтой юм биш үү. Монголын лигийн багуудад нэг их сүртэй зардал гардаггүй юм байна. 10-30 сая төгрөг л үрдэг юм байна” гээд л ятгасан.

Тэгэнгүүт мань хүн доод лигийн “Контенталь” гэж багийг худалдаж аваад “Атлетик 220” гэж нэр өгсөн. Баг нь ч энэ жил хүрэл медаль авч боломжийн амжилт үзүүллээ. Найз маань өөрийн гэсэн багтай хажууд яваад үнэн сэтгэлээсээ баярлаж байгаа. Цаашид миний найзууд болон танилууд, ажлын хамтрагч нар хөлбөмбөгт орно гэдэгт итгэлтэй байна.

-Яагаад легионер хэрэггүй гэж. Манай лигийн багууд чинь легионерууд дээр л тогтож ирлээ шүү дээ, өнөөдрийг хүртэл?

-Тэр үнэн. Гэхдээ бид легионер нэртэй сонирхогчдод өгөх мөнгөө дотоодын тоглогч нартаа өгөөд тэднийгээ дэмжээд өгвөл манай тамирчдын чадвар гадаад тоглогч нараас дутахгүй л дээ. Би дээр хэлсэн дээ. Манайд нэг ч мэргэжлийн гадаад хөлбөмбөгчин байхгүй. Бүгд сонирхогчийнх. Үнэхээр легионер авах гэж байгаа бол Японы дөрөв, Германы зургаадугаар лигт тоглодог хүмүүс хэрэггүй. Манайд тийм хүн хангалттай байна.

Гагцхүү дээд лигт тоглодог, олон улсын түвшинд тоглоод үзчихсэн, эсвэл улсынхаа шигшээд хүчин зүтгэдэг тийм л хүн байх хэрэгтэй. Би ч хойшид тийм бодлого баримтална. Үнэхээр легионер тоглогч авах шаардлага гарвал дээд лиг тоглодог, жинхэнэ мэргэжлийн түвшний хүн авна. Легионер шиг легионер авчирна. Ийм л байна. 

-Тантай уулзахаас өмнө танай багийн бүтээн байгуулалттай танилцсан л даа. Үнэхээр таатай санагдлаа. Дээд лигт тоглож байгаа 10 багийн ядаж тал нь өөрийн гэсэн цэнгэлдэхтэй болчихвол гэсэн бодол эрхгүй төрлөө. Холбоо үүнийг нь дэмжээд, газрын асуудлаар нь туслаад өгвөл?

-Энэ холбооны хийх ажил биш. Газрын асуудлыг холбоо, эсвэл улс шийдэж өгнө гэж байхгүй. Холбооны хувьд хөлбөмбөгийн хөгжилд зориулж дахиад 1-2 цэнгэлдэх хүрээлэнтэй болох байх. Багууд өөрсдөө л бүтээх ёстой. Үүнийг ойлгох хэрэгтэй. Хөлбөмбөг бол жижиг спорт биш. Хэрвээ жижигхнээр төсөөлж байвал доод лиг гэж байна. Тэнд л хоббигоо дарах хэрэгтэй. Энэ үгээрээ би юу хэлэх гээд байна вэ үнэхээр хөлбөмбөгийг хөгжүүлэх гэж л байгаа бол бүтээн байгуулалтад хөрөнгө гаргах хэрэгтэй. Мэргэжлийн хөлбөмбөг рүү орж байгаа бол ганц талбай барьчих мөнгөтэй байх ёстой шүү дээ.

Мөнгөгүй бол мэргэжлийн хөлбөмбөгт хөл тавиад яах юм. Доод лигтээ хэсэг үзэж байгаад л замхарна биз. Тийм хүн олон байгаа. Манайх 5х5 тоглох боломжтой гурван заалтай болж байна. Үүнээс гадна Буянт-Ухаад 3,000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн барих ажлаа эхлүүлсэн. Одоо яг газраа тэгшлэх явц үргэлжилж байгаа. Товчхондоо бол газар шорооны ажил дуусаж байна. Ирэх жилийн хавар голландаас хиймэл зүлэг авчирч тавина. Дүүргэгч резинийг нь Даниас авах юм.

Ер нь европ стандартын талбайтай л болох гээд зүтгэж байна. Хятад, Европын стандартын хооронд маш их зөрүү байдаг юм билээ. Нэлээд хөрөнгө зарцуулж байгаа учраас Монголын хамгийн шилдэг талбай болно гэдэгт итгэлтэй байна. Цэнгэлдэх маань хагас битүү дээвэртэй байх юм. Битүү заалнууд манай өсвөрийн багийнхны хоёр дахь гэр юм. Энэ заалнуудаар бид эргээд бага ч болтугай хөрөнгө босгох боломжтой. Өөрийн гэсэн юмтай байна гэдэг чинь арай л өөр шүү дээ. Багийн зангараг бас харагдана даа.

Манай багийг хараад бусад багийн удирдлагууд цагаанаар атаархаж “Би бас чадна шүү дээ” гээд бүтээн байгуулалт хийвэл гоё биз. Хөлбөмбөг бол том спорт шүү. Зүгээр жоохон мөнгө үрээд бор зүрхээрээ явна гэвэл тэр үе аль хэдийнэ дуусчихсан. Одоо үүнтэй эвлэр. Өөрийн талбайгүй яваад л байвал хайран мөнгө биз дээ. Тэр мөнгөө өөр зүйлд зарцуул л даа. Ямар нэгэн аргаар мөнгө босгоод, маркетинг хийгээд явбал та жинхэнэ мэргэжлийн хөлбөмбөг рүү орох эхлэлээ тавьж байна. Чадахгүй бол хөлбөмбөгтэй зууралдах хэрэггүй.

Миний харж буйгаар дээд лигийн 10 багийн тав нь маш хэцүү байдалд байгаа. Цалингаа ч тавьж чадахгүй. Өөрийн талбайгүй учраас бэлтгэл хийхгүй байна. Тийм бол доод лиг байна шүү дээ. Тэнд тогло. Хайран мөнгө, хайран тамирчдын хөдөлмөр, ур чадвар. Цаг хугацаа өнгөрөх тусам тамирчид л хохирно. Багийн эзэн хэзээ ч хохирдоггүй байхгүй юу. Тиймээс чаддаг багуудад нь зайгаа тавиад өгөх хэрэгтэй. Дахин хэлэхэд хөлбөмбөг бол том спорт шүү гэж бусад багийнханд зориуд анхааруулж хэлье.

“Магнай трейд”, “Жи-Мобайл”-аар яривал сайн ажилласан хүн урамшууллаа аваад, ажилтай байгаад л байна. Муу ажиллаад байвал сануулга авна, сүүлдээ халагдана. Хөлбөмбөг ч гэсэн адилхан бизнес учраас ийм л зарчмаар явна. Түүнээс биш эрүүл мэнд, биеийн тамир биш. Би ингэж л боддог. Хөлбөмбөг бол цэвэр бизнес. Намайг хоббигоороо, хэдэн төгрөг үрж ядсандаа баг авсан гэж бодож яваа нөхдүүдэд том эндүүрэл гэж хэлье. Би бизнес хийж байгаа юм. Манай багийн тоглогчид цалингаа авч байгаа учраас сахилга баттай байх ёстой, зодог тайлтлаа хөлбөмбөгөө л тоглох ёстой. Багийн эзэн, дасгалжуулагч юу хэлнэ тэр үгээр л явна. Ийм л зарчим хөлбөмбөгт үйлчилдэг. 

-Гадаадын том лигийн багууд доод тал нь 50 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Танай баг арын албаныхнаа оруулаад хэчнээн хүнтэй вэ?

-Яг одоо бол тогтмол цалинжаад явдаг 25 хүнтэй. Цаашид улам өргөжнө.  

-Би бол таныг ингэж үнэлж байна. Монголын лигт шинэ салхи орууллаа гэж. Лигт тоглодог залуус хэдэн төгрөгийн цалин авдаг нь мэдэгдэхгүй. Гаднаас тамирчин авчирлаа гэхэд ямар гэрээ байгуулсныг мэдэх боломжгүй. Товчхондоо бол бүх зүйл хаалттай байлаа. Цагаан хэл, ам хүрнэ гэсэн мухар сүсгээр бүх зүйлд хаалттай хандаж ирлээ шүү дээ. Харин та үүнийг өөрчилж чадлаа. Сүүлийн жишээ л гэхэд Оюунбаатартай таван жилийн 25 сая төгрөг, нэмэх нь байраар гэрээ хийлээ. Үүнийг л Монголын хөлбөмбөг, сагсан бөмбөгийн лигт тоглож буй багуудын удирдлага хэрэгжүүлээсэй гэж бодож байна. Тэгэхээр шинэ салхи оруулсан танд бас баярлалаа?

-Тэгж үнэлсэнд баярлалаа. Нэгэнт энэ спортыг сонгоод тоглож байгаа бол амьдралын баталгаа байх хэрэгтэй. Би тамирчны эрх ашгийг нэн тэргүүнд тавина. Манайх шинэ баг учраас шинэ бүхнийг эхлүүлэхийг зорьдог. Бид юуг ч харанхуй бүдүүлгээр монголчилж болохгүй. Хөлбөмбөгийг хөгжүүлэх гэж л байгаа бол олон улсын жишгээ, ФИФА-гийн жишгээ л дага. Манайх ч дагаад явна. Зөвхөн гэрээ бус бүх зүйлээрээ олон нийтэд нээлттэй байлгахыг хүсэж байгаа юм.

Ширээн доор байсныг дээр нь гаргаж ирэх гээд байгаа байхгүй юу. Яг л бирж дээр байгаа компани шиг. Зүгээр л нэг хоббигоор хөлбөмбөг тоглоогүй. Би маш том төсөл хэрэгжүүлж байгаа. Түүний эхлэл. Би тамирчдадаа байнга анхааруулж хэлдэг. “Энэ бол тоглоом биш шүү. Та нар өмнө нь хоббигоороо тоглодог байсан бол энд тодорхой зорилготой байх ёстой. Хоббигоор тоглоно гэвэл яваарай, нээлттэй” гэж хэлдэг. Үнэхээр хөлбөмбөгийг ирээдүйгээ болгосон зорилготой, ур чадвартай, өөртөө үргэлж анхаардаг тийм хүнд манай баг нээлттэй.

Манай баг бол өндөр шаардлагатай, хатуу дүрэм журамтай, сахилга баттай. Багийнхан маань ч үүнийг тоглоом биш гэдгийг ойлгосонд би хувьдаа баярладаг. Үр дүн шал өөр гарч ирж байгаа биз. Ирэх жил бид аварга болно. Үүний төлөө одооноос зүтгэнэ, ажиллана, шинийг эрэлхийлнэ. Ингэж л хэлье дээ. Энэ бол дөнгөж эхлэл. Би бол дөнгөж суралцаж яваа залуу бизнесмен. 

-Үнэхээр цалин хангамж нь сайжраад, амьдралын баталгаа нь нэмэгдээд ирэхээр хүн тухайн спортдоо сэтгэлээ өгөлгүй яах вэ. Зөвхөн чөлөөт бөх, жүдо, боксынхон олимп, дэлхийн аваргаас медаль аваад амьдралын баталгаатай болдог биш юм аа хөлбөмбөгт ч гэсэн боломжтой гэсэн итгэлийг бусдад өгч чадаж нь байгаа нь өөрөө багийн менежментэд эергээр нөлөөлсөн байх гэж бодлоо?

-Тийм шүү. Ер нь тийм үе ойрхон байна даа. Хангамжаа дагаад ур чадвар амархан дээшилнэ. Нэг их удахгүй манайх олон улсын түвшинд гарна. Олон улсын түвшинд гарчихвал ажил маань жинхэнэ утгаараа эхэлнэ. Легионер шиг легионер багтаа элсүүлэхээс эхлээд. Дээд лигт түрүүлсэн баг Азийн аваргад явдаг. Гэтэл Азийн аваргад явсан баг нь хэзээ ч хэсэгтээ ялалт байгуулж үзээгүй. Тэгвэл манайх Азийн түвшинд амжилт үзүүлсэн анхны баг нь болох зорилготой. Бидний хамгийн ойрын бөгөөд эхний том зорилго нь энэ. Азид Монголын нэрийг гаргамаар байна. 

-Та багадаа спортоор хичээллэж байсан уу?

-Би Женевийн нэлээд том чансаатай хувийн сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Швейцарийн дунд сургуулиуд хүний амьдралд юу их хэрэгтэйг маш сайн ойлгуулдаг. Би рүү нь ортол заана. Спортоор хичээллэдэггүй хүн байхгүй. Хичээл 8.45-14.45 цаг хүртэл ордог. Ингээд 15 минутын хугацаанд дотуур байр руугаа гүйж цүнхээ тавиад, хувцсаа солиод 15.00 цаг гэхэд биеийн тамирын талбайд бэлэн зогсох ёстой.

Миний хувьд сагсан бөмбөг, хөлбөмбөг, волейболыг сонгосон. Багаасаа спортын ач холбогдлыг ойлгосон учраас өдий зэрэгтэй яваа юм. Швейцарт дунд сургуулиа төгсөөд л Лондонд очсон. Тэнд бол хөлбөмбөг яг л шашин шиг. Бүх зүйл хөлбөмбөг шүү дээ. Хөлбөмбөгийн тухай ярьдаггүй нэг ч хүн алга. Бразилиас огт дутахгүй. Бүх хүн хөлбөмбөг тоглоно. Лондоны хөлбөмбөгийн уур амьсгал, ёс нь намайг хөлбөмбөг рүү ороход багагүй нөлөөлсөн. 

-Лондонд байсан хүн Лондоны багуудаа дэмжих үү, гадаадын топ лигүүдээс?

-“Челси”-гийн хөгжөөн дэмжигч. Лондоны бусад багийн тоглолтыг үзнэ. Гэхдээ “Челси”-гийн фанат. Яагаад гэвэл орос эзэнтэй, Абрамович гээд. Би оросоор нэлээд сайн ярьдаг. Тэр талын школтой хүн. 

БИ СПОРТЫГ МЭРГЭЖЛИЙН ТҮВШИНД ХӨГЖҮҮЛЭХ ЗОРИЛГОТОЙ

-Хөлбөмбөгийн талаар их ярилаа. Тиймээс туялзуур сэлэм рүү сэдвээ өөрчилмөөр санагдлаа. Яагаад энэ холбоог авах болов. Танд тийм сонирхолтой санагдсан хэрэг үү?

-Сэлэм бол Европын номер нэг спорт. Гэтэл би өөрөө Европт өссөн. Тэр утгаараа сонирхсон. Европт хамрах хүрээ ихтэй, элитүүдийн спорт шүү дээ. Яагаад энэ спорт Монголд өмнө нь хөгжиж байгаагүй юм. Яагаад дөнгөж наймхан жилийн хөгжилтэй юм бэ гэж бодсон. Дээрээс нь энэ спортыг Монголд санаачилж, үүсгэн байгуулсан Б.Хосбаяр гээд залуу надад санал тавьсан.

Хосоо одоо манай “Улаанбаатар сити”-гийн менежерээр ажилладаг. Монголд хөгжих боломжтой гэдэг утгаар нь туялзуур сэлмийг сонгосон. Монголчууд тулалдах, зодолдох, нум сумаар харвах, байлдах тал дээрээ нэлээд сайн. Сэлэм бол тулааны спорт учраас эх орондоо хөгжүүлье, арай түвшинд гаргая гэж бодсон. Ямар ч байсан бага багаар ажлаа явуулж л байна. Манай холбооны шинэ бүрэлдэхүүн маш гоё баг бүрдсэн. Олуулаа хамтдаа зүтгэнэ дээ.

Би мэргэжлийн хүн биш. Надад сэтгэлээс өөр юу ч алга. Сэтгэл байхад бүх зүйл болно. Сэлэмний спортын хөгжилд чадахаараа хувь нэмэр оруулна. Спортын хувьд үнэхээр гоё гэдгийг хэн ч хэлнэ. Бүр анхаарал татахуйц. Би өөрөө энэ спортоор хичээллээд, сурах гээд үзээд л байна. 

-Энэ спортоор хичээллэж байгаа залуусын чадвар тивдээ үнэхээр дутмаг байна. Үсрээд л урьдчилсан шатанд 2-3 ялалт байгуулдаг. Хол явлаа гэхэд шилдэг 64, 32-т багтаж байна. Яаж үүнээс илүү гарах вэ. Танд бодсон зүйл байна уу?

-Миний эхний зорилго бол ямар ч хамаагүй олон улсын тэмцээнээс медаль авах. Манай сэлэмчид маш орой карьераа эхлүүлсэн. 20 настайдаа эхлээд үсрээд л 6-7 жил хичээллээд карьер нь дуусах жишээтэй. Миний зарчим бол 10-12 настай хүүхдийг илүү дэмжих. Найман жилийн өмнө холбоо байгуулагдахдаа анхны ерөнхийлөгч нь яая даа гэсэн 10 хүүхэд сонгож аваад ажилласан бол өдийд 18 настай болно.

Би тэдэнтэй дахиад дөрвөн жил зууралдахад олон улсын түвшинд шаггүй сайн өрсөлдөгч гарч ирнэ ээ дээ. Яг л энэ байхгүй юу. 20-той залуугийн амжилт таван жилийн дараа буураад эхэлнэ. Товчхондоо  дотооддоо өрсөлдсөөр байгаад олон улсад амжилт гаргаж чадалгүй карьераа дуусгана. Би тийм хүмүүст хайран цаг зав, хөрөнгө мөнгөө урсгахгүй ээ. Одоо байгаа хэд маань жаахан орой эхэлчхэж.

Тэд маань гоё явж байгаа ч олон улсад амжилт үзүүлэх нас нь бараг дуусаж байна. Миний “Улаанбаатар сити” спорт төслийн хоёр дахь ажил нь туялзуур сэлэм. Би 12, 13 настайдаа карьераа эхлүүлсэн тийм л хүүхдүүдийг дэмжмээр байна. Амжилт үзүүлэхгүй гэсэн залууст үйлчлэх зав манай холбоонд алга. Яг хэн амжилт үзүүлэх юм, хэн сэлэмд амьдралаа зориулах вэ би тэднийг олж аваад дэмжинэ.

Манай холбоонд миний тавьж буй шаардлагад нийцэх олон хүн бий. Дээрээс нь дасгалжуулагч ажлаа сайн хийгээд явбал удахгүй бид Азийн түвшинд гарна. Манайд мэргэжлийн тамирчин бий. Даанч карьераа орой эхлүүлчхэж. Шигшээ багт 20 гарсан  залуучууд хэрэггүй шүү дээ, одоо.  

-Та туялзуур сэлэмний клуб байгуулах гэж байгаа юм уу. Таны ярианаас ингэж ойлголоо, зөв үү?

-Тийм. Удахгүй “Улаанбаатар сити Эф Си” нэртэй сэлэмний клуб байгуулж байна. Цаанаасаа л хоёулаа “Эф Си”-тэй болчихлоо. Хэдийгээр би холбооны ерөнхийлөгч ч гэлээ клубээ байгуулна. Ашиг сонирхлын зөрчил гарна гэх байх. Гэхдээ спортын хөгжлийн хувьд би зөв алхам хийсэн гэж бодож байгаа. Хэрвээ хүмүүс үүнд дургүйцэж байгаа бол, шаардлага гарвал холбооны ерөнхийлөгчийн ажлаа өгөхөд ч бэлэн.

Нэгэнт ярьж эхэлснийх миний гол зорилго бол “Улаанбаатар сити” спорт групп. Хөлбөмбөг, туялзуур сэлэм хоёроо эхлүүлсний дараа сагсан бөмбөг, тулааны спортыг сонгоно. Ер нь бол мэргэжлийн спортыг л хөгжүүлэх гээд байгаа юм. 

-Сагсан бөмбөгт орно гэлээ. Яг хэзээ вэ?

-Яагаад одоо орохгүй байгааг хүн бүр мэднэ. Сагсан бөмбөгийн холбоо маш их хэрүүлтэй байна. Холбоо нь учраа олчихвол би энэ спортын салбарт хөрөнгө оруулахад бэлэн. Бүх зүйл жигд болсон гэдгээ харуулж чадвал хамгийн түрүүнд хөрөнгө оруулалт хийнэ. Яг өнөөдрийн түвшинд бол үнэхээр эмх замбараагүй байгаа. Шигшээ баг нь Азийн аварга, олон улсын тэмцээнд орох эрхээрээ бандуулчихсан ийм хэрүүлтэй салбарт би ороод яах юм бэ. Холбоо нь учраа олтол би хөндлөнгөөс ажиглаад л сууж байна. 

-Ер нь багийн спортыг сонирхоод байгаа юм уу?

-Үгүй. Би волейбол мэдэхгүй. Сагсан бөмбөгийн дараа мэргэжлийн тулаан руу орно. Манай боксчид олимпийн медаль авсан бол карьераа дуусгаад мэргэжлийн тулаанд орох хэрэгтэй шүү дээ. Гадаадад гялс олимпийн медаль авчхаад мэргэжлийн түвшинд очихыг илүүд үздэг. Гэтэл манайд бүх зүйл эсрэгээрээ. Н.Төгсцогт хамгийн ухаантай тамирчин. Олимп, дэлхийн аваргаас медаль авсан, одоо боллоо гээд мэргэжил рүү гарчихлаа.

Тэр бол хамгийн ухаантай тамирчин, ухаалаг шийдвэр гаргасан. Тодорхой хэмжээгээр олон улсад нэрээ гаргалаа. Би үүнийг л хүсэж байна. “Улаанбаатар сити” тулааны клуб байгуулна. Мэргэжлийн тулааны бүх төрлийг хөгжүүлэхийг хүсдэг. Отгондалай, Мөнх-Эрдэнэ гэх мэт мэргэжил рүү явчих боломжтой олон боксчин байсан. Олимп, дэлхийн аваргаас хүрэл медаль авчихлаа, одоо болоо шүү дээ.

Юу хүлээгээд байгааг нь би гайхдаг. Гялс явах хэрэгтэй. Жүдо, чөлөөт бөх бол яах вэ. Дараагийн тэмцээнээ хүлээж болно. Яг мэргэжлийн спорт биш шүү дээ. Гэтэл бокс өөр. Манай боксын холбоо олимпийн бокс руугаа илүү анхаарал хандуулдаг болохоор мэргэжилд тийм ч таатай ханддаггүй юм шиг байна. Би бол тусдаа. Холбоо гэхгүй. Тулаанчин бэлтгэж олон улсад гаргана.

Шагналын сан нь дор хаяж нэг сая доллар. Солонгост л гэхэд хоёр монгол тамирчин сая долларын төлөө тулалдаж байна. Яллаа гэхэд клуб 50 хувь, багш, тамирчин нь 50 хувь. Үүний төлөө л явна даа. Би бүх зардлыг нь гаргана шүү. Тамирчин тулаанаас өөр юу ч хийж болохгүй. 

-Мэргэжил гэснээс та морин тойруулгад хөрөнгө оруулалт хийхгүй юү. Бас л мэргэжлийнх шүү дээ. Мөнгө сайн олох бизнес гэж боддог юм?

-Ёстой үгүй. Миний мэдэх салбар биш. Би морь үнэхээр мэдэхгүй. Мэдэхгүй зүйлдээ хөрөнгө оруулаад яах вэ. Монголд надаас илүү мэдлэгтэй, моринд хорхойтой бизнесмэн олон бий. Баячууд, улс төрчид олон байхад би тийшээ хошуу дүрээд хэрэггүй биз. Миний хувьд чаддаг, мэддэгээ л хийе. Бокст хайртай, хөлбөмбөгт хайртай. Туялзуур сэлэм бол өөр шалтгаанаар орж ирсэн. Гэхдээ одоо хайртай болж эхэлж байна.

Энэ бүхэндээ л хөрөнгө мөнгө, цаг заваа зарцуулъя. Мэргэжлийн тулааны хувьд Төгсцогт шиг 10, 20, 30 тамирчин гадаад руу явуулмаар байна. Юутай ч эхлээд хөлбөмбөг, туялзуур сэлэмний төслөө дуусгаад хөл дээр нь босгоё. Дараа нь тулааны спорт руу шууд орно. Одоогоор бол тулааны спортын нэг ч клуб байхгүй. Ер нь энэ дөрвөөрөө л хаая. Волейбол бол үнэхээр мэдэхгүй. Мэдэхгүй спортоор оролдоод хэрэггүй биз дээ. Базаад хэлэхэд спортыг хөгжлийг хурдасгахын тулд би клуб байгуулж байгаа юм. 

ААВЫНХАА АЛСЫН ХАРААГ Л ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ БОДОЛТОЙ ЯВДАГ
 

-Танаар бизнесийн ажлыг нь яриулаасай гэж хүсэж буй олон хүн байгаа байх. Сэдвээ жаахан өөрчлөх үү?

-Сонирхуулах зүйл үнэндээ бага юм даа. Нэлээд том компани. “МТ” групп бол 10 гаруй охин компанитай. 2000 ажилтантай. Ер нь бол гэр бүлийн бизнес. Миний хувьд “Магнай трейд”-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Татвар төлөгчөөр эхний тавд багтана. Уул уурхай, нефть, үүрэн телефон, газар тариаланд хүч сорьж байна. Хүлэмжийн ногоог “И-март”-д нийлүүлдэг юм. “Калтекс” гэж тос, тосолгооны материал оруулж ирдэг.

-Таны бизнесийн зарчим юу вэ. Ижил төрлийн бизнес эрхэлдэг бусад компаниас илүүрхэх бодлого ч гэдэг юм уу?

-Аавынхаа алсын хараа, бодлого, баримталдаг зарчмыг л компани дотроо үргэлжлүүлэх гээд байгаа юм. Аавын минь босгосон компанийг миний үр хүүхэд ч бас авч явна. Нэг зүйлээрээ бахархдаг. Энэ компани бол гаднын хөрөнгө оруулалтгүй, цэвэр үндэсний гэх тодотголтой цөөн компанийн нэг. Ер нь бол зөвхөн манайх ч биш 100 хувийн үндэсний хөрөнгө оруулалттай ямар компани байна тэр бүхнийг дэмжих хэрэгтэй.

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэсэн санаа л даа. Ингэснээр эдийн засаг сайжирна. Манай компанийн хувьд үндэсний гэсэн брэндийг авч үлдэх зорилготой. Миний давуу тал гэвэл би захирал гээд дөрвөн хананы дунд зөөлөн сандал дээрээ суугаад байх дургүй. Нэг өрөөнд суугаад байвал ажил хэзээ ч урагшлахгүй. Тиймээс доод ажилчдынхаа дунд орж ажилладаг.

Хүний нөөц, компанийн уур амьсгалд их анхаардаг. Энэ бүхэн нээлттэй байвал цаад тал нь илүү нээгдэнэ гэж хардаг. Би өөрөө асар ухаантай хүн биш. Суралцаж яваа л залуу бизнесмен. Дөнгөж 31 настай. “Магнай трейд”-дээ чадахаараа тусална. “Магнай трейд” ч надад тусалдаг. Надад цаашид сурах зүйл их байна. Хамгийн гол нь үнэнч шударга л байх хэрэгтэй. Миний гол анхаардаг зүйл уур амьсгал. Спорт ч тэр, компани ч тэр ялгаагүй.

Зөв захирал, сайн лидер байхыг илүү хүсдэг. Одоохондоо суралцаад явж байгаа учраас болоогүй байна. Гэхдээ нэг өдөр сайн лидер болсон байна гэдэгт итгэдэг. Спорт, бизнесийг нийлүүлээд гоё хөгжил бий болгоно. Ер нь спортод бизнес хэрэгтэй, бизнест спорт хэрэгтэй. Түүнээс биш спортод улс төр хэрэггүй. Спорт, бизнес хоёр бол яалт ч үгүй нэгнээсээ хамааралтай.

Бизнес, спортод улс төр ч хэрэгтэй. Гэхдээ одоохондоо биш. Яагаад гэвэл Монголын улс төр гадаадынх шиг биш. Тогтворгүй байхгүй юу. Тиймээс улс төрчид одоохондоо спортоос хол хөндий байгаасай гэж боддог. Над шиг бизнес хийж яваад спорт руу хөл тавих залуучууд олон гарч ирэх байх. 

-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Төгсгөлийг танд үлдээе. Танд хэлэхийг хүссэн зүйл үлдсэн байж магадгүй?

-Дахиад л хөлбөмбөг ярих нь. Манай хөлбөмбөгийн тамирчид маш их хоцрогджээ. Дээрээс нь хохирч байна. Миний анхаарч ажиллах “Улаанбаатар сити” бол тамирчдын эрх ашгийг илүү дээдэлнэ. Амьдралд нь хувь нэмэр оруулахуйцаар ажиллана. Чөлөөт бөх, боксынхон насаараа спортдоо зүтгэсэн. Нэг мэдсэн чинь нас нь 35-40 хүрчихсэн. Эргээд хартал тэдэнд хийж бүтээсэн зүйл алга. Улсын аваргад хожлоо гэхэд “Говь”-ийн ноолууран ороолт, өргөмжлөл л өгч байна шүү дээ.

Гэтэл тэр хүн насаараа нүүрэндээ цохиулсан, чөлөөт бөх гэхэд насаараа барилдаад чихээ хугалчихсан. Дахин барилдъя гэтэл нас нь дийлэхгүй. Тиймээс миний байгуулах “Улаанбаатар сити” клуб Монголд хөгжиж буй бүх спортод үлгэр жишээ болно. Тамирчдыг бөмбөг өшиглүүлээд ашиглах биш амьдралд нь тусална. Гэхдээ ингэхийн тулд тухайн тамирчнаас их зүйл шалтгаална.

Үргэлж дээшилж дэвжиж байх хэрэгтэй, харилцааны соёл дээр анхаарах ёстой, ур чадвараа ахиулна. Ингэж чадаж байгаа хүн бүрийг би байраар хангаад, цалинжуулаад явна. Хөлбөмбөг өшиглөснөөрөө би байртай болчихлоо гэж өөрөөрөө бахархдаг болгомоор байна. Байртай, цалинтай байвал тамирчин бүх зүйлээ спортдоо зориулна. Өнөөдөр сайн тоглогч менежерийн түвшинд цалин авах ёстой. Эцэст нь хэлэхэд манай клуб энэ бүгд дээр гоё үлгэр жишээ байж чадна. Тэгэхийн төлөө ч явна.

x