Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

Apple анхны их наядын үнэлгээтэй компани болоход ойрхон болжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 11 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт Apple компанийн хувьцааны үнэ огцом нэмэгдэж, түүхэн дэхь анхны их наяд ам.долларын үнэлгээтэй компани болоход ойртлоо.

Саяхан тус компани гуравдугаар улирлын санхүүгийн тайлангаа танилцуулсан нь шинжээчдийн төсөөллөөс давсан үр дүнг харуулжээ. Мөн Баасан гарагт дэлхий даяар эхэлсэн iPhone X гар утасны борлуулалт сайн эхлэлтэй байгаа нь хувьцааны үнэнд нөлөөлсөн байна.

Баасан гарагт Apple-ийн хувьцааны үнэ 3.7 хувь өсөн $174.26 хүрсэн нь тус компанийн зах зээлийн үнэлгээг $900 тэрбумд хүргэжээ.

iPhone X зах зээлд гарснаар зөвхөн Хятадын зах зээлд гар утасны борлуулалтыг 20 хувиар өсгөж, 2018 оны орлого, ашгийн төсөөллийг эвдэхээр байгааг Морган Стэнли компанийн шинжээч Кэти Хуберти мэдээлсэн байна.

$999-ийн үнэтэй гарч байгаа iPhone X хүмүүсийг Apple-ийн дэлгүүрийн гадна урт дараалал үүсгэдэг уламжлалыг дахин сэргээсэн болох нь дэлхийн олон улс орнуудын нээлтийн мэдээнээс харж болохоор байгаа юм.

Анх удаа нүүр таних технологи нэвтрүүлж, хурууны хээ уншигчийг хассан нь iPhone X-ийн үйлдвэрлэл, эрэлтэд сөргөөр нөлөөлөх вий гэсэн болгоомжлол мэргэжилтнүүдийн дунд удаан яригдаж байв.

Энэ бүх эерэг үзэгдлийн дараа Уол Стритийн брокерууд Apple-ийн хувьцааны үнийн төсөөллөө $30-$200-аар өсгөж эхэлсэн байна. Apple-ийг хамгийн их шүүмжилдэг Drexel Hamilton-ий Брайан Уайт хүртэл хувьцааны үнийг $235 хүрнэ гэж үзжээ.

Ингэснээр удахгүй Apple компани анхны $1 их наядын үнэлгээтэй компани болох замдаа орлоо гэж үзэж болохоор байна.

Өнгөрсөн улиралд Apple 46.7 сая iPhone зарсан нь шинжээчдийн төсөөлж байсан 46.4 саяас давсан үзүүлэлт байв. Тэгвэл iPhone X зах зээлд гарснаар илүү олныг зарах төлөвтэй байна.

 

Эх сурвалж: Reuters