Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

Японд илүү удаан саатах гэж байгаа Трамп Өмнөд Солонгосчуудыг бухимдуулж байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр буюу Ням гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Токиод газардана. Тэрээр Шинзо Абэтай өдрийн зоог барьж, дараа нь тансаг гольфийн клубт тоглох гэж байгаа. 

Орой нь тэд Трампын дуртай үхрийн махан стикийг зооглох хувийн арга хэмжээ төлөвлөжээ.

Харин дараа нь Сөүлд саатах Трампын төлөвлөгөө үүнээс нэлээд өөр байна.

Трамп төрийн хүндэтгэлийн оройн зоогноос өмнө Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Интэй зөвхөн аяга цай уунгаа нэг удаа уулзах гэнэ.

Трамп Токиод 48 цаг саатах бол Сөүлд 24 цаг болно.

Тэр сонгуулийнхаа сурталчилгааны үеэр Япон, Өмнөд Солонгосыг нэлээд олон удаа давтан шүүмжилж байв. Хэдийгээр баян чинээлэг улс орнуудад тооцогддог ч эдгээр орнуудыг батлан хамгаалахад АНУ их хөрөнгө мөнгө зардаг нь түүнийг бухимдуулж байсан юм.

Гэвч Трампыг сонгуульд ялалт байгуулсны дараа Абэ хамгийн түрүүнд Нью Йоркийг зорьж, шинэ ерөнхийлөгчид $3,755-ын үнэтэй алтадсан гольфийн цохиур бэлэглэж тал зассан байна.

Вашингтоны шинэ засаг захиргаа Ази тивийн түншүүддээ хандах хандлагаа өөрчлөх төлөв ажиглагдангуут Абэ ийнхүү яаравчлан хувийн харилцаа тогтоож, Трампын бодлыг эргүүлсэн гэж үздэг.

Тэр цагаас хойш хоёр удирдагч дахин долоон удаа нүүр тулан уулзаж, утсаар 14 удаа ярилцсан байна.

Гэхдээ ингэж Трампын бодлыг өөрчилж, найрсаг харилцаа тогтоосныхоо төлөө Абэ АНУ-ын шинэ ерөнхийлөгчийг шүүмжлэх эрхгүй болсон нь асуудлын муу тал нь юм.

Харин Трампыг ерөнхийлөгчийн сонгуульд ялсны дараах эхний дөрвөн сард Өмнөд Солонгосын улс төр тогтворгүй байдалтай, ерөнхийлөгч Пак Гын Хэг огцруулах тэмцэл өрнөж байв.

Тиймээс Хойд Солонгосын аюул заналын асуудлаар Трамп хэлэлцэхдээ Өмнөд Солонгосыг алгасч, Хятад, Японтой зөвхөн харилцаж эхэлсэн юм.

Японд олон жил колоничлогдож байсан, улс орноо үргэлж Японтой харьцуулж, барьцаж байдаг Өмнөд Солонгосчуудын хувьд энэ байдал таалагдахгүй байгаа нь мэдээж.

Өнгөрсөн тавдугаар сард ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш Мүүн Жэ Ин Трамптай хэд хэд уулзаж, Цагаан ордон Сөүлийг чухал түнш гэж үздэгээ мэдэгддэг ч хоёр орны харилцаа АНУ-Японы түвшинд хүрч чадаагүй байна.

Үүнд бас удирдагчдын хувийн хэв маяг нөлөөлж байна гэж ажиглагчид үздэг.

Абэ, Трамп нар бол Хойд Солонгост хатуу хандахыг дэмждэг, консерватив улс төрчид. Харин Мүүн Жэ Ин бол Пёньянтай зөөлөн харьцаж, яриа хэлэлцээр хийхийг дэмждэг либерал үзэлтэн.

Мүүний энэ хандлагад Трамп дургүй байгаагаа мөн янз бүрээр илэрхийлж байв.

Уг нь АНУ-ын ерөнхийлөгч 25 жилийн дараа Өмнөд Солонгост анх удаа айлчлах гэж байгаа нь энэ.

Мөн тэр Өмнөд Солонгосын парламент болох үндэсний ассамблейд үг хэлэх гэж байгаа.

Гэвч энэ үеэр Трампыг эвгүй үг хэлэхээс Өмнөд Солонгосын тал болгоомжилж байгаа гэнэ. Хэдийгээр ерөнхийлөгчийн хэлэх үгийг хоёр тал урьдчилан солилцдог ч Трамп бол Трамп, төлөвлөгөөнөөс гадуур юу ч ярьж мэднэ хэмээн Сөүлийн дипломат албаныхан болгоомжилж байгаа ажээ.

Үүнээс гадна өчигдөр буюу Бямба гарагаас Сөүлийн гудамжинд Трампын Хойд Солонгост түрэмгий хандаж байгаа бодлогыг эсэргүүцсэн “No Trump- No War” уриатай жагсаал эхэлсэн байна.

Хамгийн сүүлийн судалгаагаар Өмнөд Солонгосчуудын дөрөвний гурав нь Трампыг Хойд Солонгосоос илүү өөрсдөд нь аюултай этгээд гэж үздэг нь харагджээ.

Ерөнхийлөгч болсноосоо хойш Ази тивд анх удаа айлчлах Трамп Япон, Өмнөд Солонгос, Хятад, Вьетнам, Филиппин улсуудад нийтдээ 12 хоног саатах юм.

 

Эх сурвалж: The Washington Post