Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн 100 жилийн хамгийн чухал баримт бичгийг Британид дэлгэн үзүүлнэ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 4
iKon.MN

Ирэх долоо хоногт хүн төрөлхтний өнгөрсөн 100 жилийн түүхийн хамгийн чухал баримтыг анх удаа Британид дэлгэн үзүүлэхээр болжээ.

Tate Modern музейд нээгдэх Октябрийн хувьсгалын 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнд Владимир Лениний өөрөө зохиож бичсэн тунхаг бичгийг үзүүлэх юм.

Уг хуудсанд Оросын засгийн эрхийг коммунистууд булаан авсныг олон нийтэд зарласан байгаа бөгөөд тухайн үед хэдхэн зуун хувь хэвлэж, хувьсгалын эхний өдөр Петроградын (Санкт Петрбург) хотын гудамж талбайд тараан байрлуулж байжээ.

 

Хувьсгалын эхний өдөр нь 1917 оны арваннэгдүгээр сарын 7 буюу Оросын хуучны тооллоор аравдугаар сарын 25 байв.

Энэхүү ховор дурсгалыг Tate Modern myзей өнгөрсөн онд олж аван өөрийн цуглуулгандаа нэмжээ.

Ирэх долоо хоногийн Лхагва гарагт тус музейд “Хувьсгал дүрслэх урлагт, 1905-1955” нэртэй үзэсгэлэн гарах юм. Үзэсгэлэнд Зөвлөлтийн үеийн үзэл суртлын зурагт хуудаснуудыг үзүүлэх гэнэ.

Октябрийн хувьсгалын дараа Орос оронд 74 жил коммунист засаглал тогтож, дэлхийн олон улс орны хувь заяаг үндсээр нь эргүүлсэн тул дээрх тунхаг бичгийг өнгөрсөн 100 жилийн түүхийн хамгийн чухал баримтуудын нэг гэж судлаачид үзэж байгаа юм.

Тунхаг бичгийг Лондоны хувийн цуглуулагч Дэвид Кинг хадгалж байгаад өнгөрсөн онд нас барснаар Tate Modern музейд шилжүүлжээ.

Ирэх долоо хоногт нээгдэх үзэсгэлэн нь ирэх оны хоёрдугаар сарын 18 хүртэл ажиллаж, нийтдээ 250 зурагт хуудас, баримтыг үзүүлэх гэнэ.

 

Эх сурвалж: Independent