Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

Голдуу эрэгчин арслан зааны үлдэгдэл яагаад Сибириэс олддогийг эрдэмтэд тайлбарлажээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Сибириэс олдож байгаа арслан заануудын олдвор яагаад ихэнх нь эрэгчин байдгийн учрыг эрдэмтэд тайлжээ.

Бидний цаг үед амьдарч байгаа заануудын нэгэн адил Мөстлөгийн үед залуу эрэгчингүүд нь сүргээсээ тасарч, ганцаар хэрэн тэнүүчилдэг байсан гэнэ. Ингэж явахдаа тэд нүхэнд унах, усанд живэх зэргээр осолдож, үр дүнд нь тэдний биеийн үлдэгдэл газрын хөрсөнд олон мянган жил хадгалагддаг байжээ.

Харин эмэгчин арслан заанууд нь сүрэглэн амьдарч, аялахдаа хөгшин туршлагатай эмэгчингийн замчилснаар цуварч явдаг байсан гэнэ. Тиймээс туршлагатай сүргийн тэргүүн тэднийг эрсдэлд оруулалгүй, зөв газраар дагуулдаг байжээ.

“Туршлагатай эм арслан зааны удирдлагад байдаг сүргээс салснаар залуу эрэгчингүүд байгалийн “хавханд” өртөж үрэгдэх эрсдэл өндөртэй байжээ” гэж судалгааг хамтран хийсэн Шведийн байгалийн түүхийн музейн ажилтан Лав Дэлен ярьжээ. Тэдний судалгааны тайлан өчигдөр “Current Biology” сэтгүүлд нийтлэгдсэн юм.

Тэд Сибириэс олдсон бүх арслан зааны олдворуудын 98 хувийн хүйсийг тодорхойлох генетикийн шинжилгээ хийжээ.

Ингэсний дүнд олдворуудын 69 хувь нь эрэгчин арслан заан болохыг тогтоосон байна. Хадгалагдаж үлдсэн олдворуудад хүйсийн харьцаа ийм зөрүүтэй байсан нь хачирхалтай үзэгдэл байв.

Ер нь Мөстлөгийн үеийн ан амьтдын үлдэгдэл хадгалагдаж үлдэх нь ховор байдаг гэнэ. Харин осолдож амиа алдсан арслан заануудынх газрын хөрсөнд булшлагдсаныхаа ачаар ийнхүү өнөөг хүртэл үлдэж чадсан гэж тэд үзжээ.

Арслан заанууд 4,000 орчим жилийн өмнө бүрэн устсан нь цаг уурын дулаарал, хүмүүс олноор авлаж байсантай холбоотой гэдэг.

 

Эх сурвалж: The Guardian